Сири даяар гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-13 09:27:42

ДАМАСК. /KAZINFORM/. ОХУ болон АНУ-ын зуучлалаар байгуулсан гал зогсоох хэлэлцээр Дамаскийн цагаар даваа гарагийн оройн 7:00 цагт Сири даяар хэрэгжиж эхэлжээ. Гал зогсоох хэлэлцээр 7 хоног үргэлжилнэ. ОХУ-ын БХЯ мэдэгдэхдээ “Москва террористуудын байршилд агаараас цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэлээ.

Гал зогсоох хэлэлцээр байгуулахад оролцоогүй учир “Лалын улс”, “Аль-Нусра” зэрэг террорист бүлэглэлд агаараас цохилт өгөх ажиллагаа үргэлжилнэ гэж тус яам мэдэгдэв.

Мөн Сири дэх Оросын Эвлэрүүлэн зохицуулах төв гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилтэнд хяналт тавих тусгай ажлын хэсгүүдийг Сирийн бүх мужид байгуулжээ.

Үүнээс гадна Москвагийн мэдэгдсэнээр, АНУ тэргүүтэй эвслийн хүчин болон Оросын агаарын цэргийн хүчин хамтран террористуудад агаараас цохилт өгөхийн тулд ОХУ-АНУ-ын Зохицуулалтын хамтарсан төвийг байгуулна.

Сирид гал зогсоохоор тохиролцоонд хүрснийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Швейцарийн Женев хотод мэдэгдэл хийх үеэрээ зарласан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ