ХОВД: Х.Ганбат 30 гаруй мянгад ардын уртын дууг өвлөн уламжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-21 12:08:31

Жаргалант /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийг хөгжүүлэх, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний бахархлыг сэргээн төлөвшүүлэх зорилгоор өвлөн уламжлагчдыг цувралаар танилцуулж байна.


Энэ удаа Ховд аймгийн Мянгад сумын уртын дууч Х.Ганбат оролцож, Мянгад угсаатны уртын дууны онцлог болон өөрийн сурч мэдсэн туршлагаасаа хуваалцлаа.


Судлаачдын хэлж байгаагаар Мянгад ардын 250 гаруй уртын дуу байдаг. Үүнээс 80 гаруй уртын дуу нь мянгад түмний ахуй амьдрал, өв соёлтой холбогдон олонхоороо дуулж, өдгөө хадгалагдан үлджээ. Малчин Х.Ганбат гуай өөрийн сонирхлын дагуу 30 гаруй дууг нь сурч, түгээн дэлгэрүүлж явна. 

Тэрбээр 2014 онд Монгол Улсын тэргүүний ардын авъяастан цол тэмдгээр шагнуулсан. Мянгад уртын дууны наадамд 3 удаа тэргүүн байр эзэлж, нэг удаа дэд болон тусгай байрт шалгарч байжээ. Мөн 2011 онд Монголын бүх ард түмний урлагийн их наадамд амжилттай оролцож, Мөнгөн одын шагнал хүртсэн бол 2012 онд Үндэсний дууны их наадам, 2015 онд "Ойрад түмэн" язгуур урлагийн олон улсын их наадмаас алтан медаль хүртсэн зэрэг олон амжилт гаргасан байна.


Х.Ганбат хэлэхдээ: "Монголчууд эрт дээр үеэс уртын дуугаа байгальдаа, морин дэлэн дээр, малын бэлчээрт, монгол гэрт, найранд гээд ахуйдаа дуулж ирсэн. Уртын дуугаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, уламжлалт соёлыг хадгалан хамгаалах ажил чухал байр суурь эзэлж байгаа энэ үед цаашид иргэд, хүүхэд, залуучууд уртын дуугаа бүгд сурахыг уриалж байна" гэв.  


Тэрбээр мянгад уртын дуу дуулах хүсэл сонирхолтой, иргэд, хүүхэд багачуудад өөрийн туршлагаасаа тогтмол хуваалцдаг бөгөөд 10 гаруй шавьтай.

Холбоотой мэдээ