БАЯН-ӨЛГИЙ: Үндэсний идээнээс бүрдсэн бэлгийн багц үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Акбоар" компани казахын ард түмний үндэсний идээнүүдээс бүрдсэн бэлгийн багц үйлдвэрлэн зах зээлд борлуулж эхлээд байна.
Бэлгийн багцад адууны махаар хийн вакуумдаж савласан каз, ээзгий, хөц будаа, шар будаа, элсэн чихэр, адууны өөх тос, гурил зэрэг бүтээгдэхүүнүүдийг ашиглан хийдэг үндэсний идээ "жент", уламжлалт аргаар боловсруулсан ааруул, хатгамал хээтэй жижиг цүнх, байгалийн үзэсгэлэнт зураг бүхий соронзон наалт зэргээс бүрдсэн байна.
Тус үйлдвэр нь Европ болон дэлхийн бусад улс орнуудын туршлагыг судалсны үр дүнд адууны махаар хийдэг казыг үйлдвэрийн аргаар боловсруулах, удаан хугацаагаар хадгалах технологийг бий болгон хөгжүүлж байгаа. Мөн хэдэн жилийн өмнөөс борц үйлдвэрлэж эхэлсэн аж.
Харин энэ удаад бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлж казахын ард түмний уламжлалт идээ болох "жент", ааруулыг ч үйлдвэрийн аргаар боловсруулж, хаяг шошготойгоор жижиглэнгээр болон бэлгийн багц хэлбэрээр зах зээлд нийлүүлж эхэлж байна.
"Манай бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь гадаад, дотоодын аялагчид. Маш сайн хүлээн авч байна. Одоогоор зуны улиралд сард 600 ширхэг, бусад хугацаанд 200-300 ширхэг багц үйлдвэрлэн борлуулдаг. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, бэлгийн багцын хэд хэдэн төрлийг зах зээлд гаргахаар төлөвлөн ажиллаж байна" хэмээн үйлдвэрийн менежер Т.Ахмеруерт хэлэв.