Ж.Эрдэнэбат: Төр болон бизнесийнхний эрх ашиг нэг шугаман дээр байх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-12 16:30:39

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав тэргүүтэй тус танхимын удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзан, татварын эрх зүйн орчин, түүний шинэчлэлийн талаарх тэдний санал бодлыг сонслоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд хэлэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны чиг шугам тодорхойлогдсон гэдгийг тодотгоод, "Татварын эрх зүйн орчныг шинэчлэх тухай асуудлыг олон ярьж ирсэн. Үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулдаг ч зөвхөн нэг талыг барьсан төлөөллөөс бүрдүүлдэг нь ажил урагшлахгүй байх шалтгаан болж байна. Тиймээс татварын эрх зүйн орчин ямар байх, ямар зохистой байдлаар ажлын хэсгийг байгуулдаг байх нь зүйтэй вэ гэдэг дээр та бүхний санал бодлыг сонсох гэж байна. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа үед хүн бүр санаа зовох хэрэгтэй. Цаашдаа салбарынхны мэргэшсэн хүмүүстэй уулзаж, шийдвэрээ гаргаж байх болно. Ер нь төрийн эрх ашиг гэж байдаг. Нөгөө талд бизнесийнхний эрх ашиг гэж байдаг. Тэрхүү эрх ашиг нэг шугаман дээр байх ёстой" хэмээн тодотголоо.

УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм. Үүнтэй холбогдуулж МҮХАҮТ-аас гаргасан саналаа 7 зүйл бүхий 55 заалттай баримт бичгийг тус танхимын дарга Б.Лхагважав энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа. Тэрбээр танхимын зүгээс Засгийн газартай нягт хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд татварын бааз суурь 23 дахин өсчихөөд байхад авдаг системээ боловсронгуй болгохгүй бол болохгүй. Түүнээс өнөөгийн түвшинд татвар нэмэх нь оновчтой хувилбар биш. Түүнчлэн гадаад бодлогын түвшинд нэг цонхны бодлого барих шаардлагатай байна. Ялангуяа орон нутгийн удирдлагууд эдийн засаг, бизнесийн түвшинд өмнө барьж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа хангаж ажиллах хэрэгтэй байна" гэлээ. 

Үүний дараа Сүү, Макс, Говь, Хатан сүлжээ, Жүр Үр зэрэг компанийн удирдлагууд өнөөгийн татварын хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилт, цаашид анхаарвал зохих тус тусын саналаа хэллээ. Тэдгээр төлөөллийн дийлэнх нь төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх бодлого нь дэмжүүштэй ажил биш байсан. Зах зээлээ хөдөлгөе гэвэл харин ч татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ өдрөөс өдөрт унаад буй эдийн засгаа аврахын тулд Ерөнхий сайдын дэргэд бизнесийн зөвлөл байгуулах, НӨАТ-ын тухай хуулийг нийт аж ахуйн нэгжид жигд хэрэгжүүлэх, дэлхийн хэмжээний банкийг монголдоо оруулж ирэх, банкны зээлийн хүүг бууруулах эсвэл зээлийн хугацааг сунгах, Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгах, тэр дундаа дунд түвшнийхний ажлын арга барилыг өөрчлөх нь амьдралаас урган гарсан шаардлага болоод байна гэсэн юм. Үүний зэрэгцээ өнөөдөр аль ч салбарт борлуулалт буурч, цалин хангамжаа тавихад хүндрэл үүссэн, улмаар ажилтан ажилчид нь ББСБ, ломбардаар үйлчлүүлж эд зүйлээ алдах болсон учир ломбардны хүүгийн тухайд нэгдсэн хүүтэй болгох хэрэгтэй. Харин нөгөө талд компаниуд арилжааны банкуудаас авсан зээл төлж чадахгүйд хүрч, найдваргүй зээлдэгч гэсэн нэр хоч зүүх эхэллээ. Цаашилбал барилга байгууламжаа алдах хүртэл эрсдэл үүсээд байна хэмээн баялаг бүтээгчид Ерөнхий сайдад уламжилж байлаа.

Бизнестэй холбоотой энэ мэт саналаас гадна “Хатан сүлжээ” компанийн Ерөнхий захирал Б.Бадамханд, "Би жижиг дунд үйлдвэрүүдийн дунд 112 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулсан. Цэцэрлэгтээ ажилчдын болон хавь ойрын эмзэг бүлгийн хүүхдүүдийг авдаг.  Гэтэл сард нэг удаа дүүргийн Боловсролын хэлтсээс хүүхэд тоолно гэдэг ажил явуулах юм. Хүүхдүүд өвдөх болон янз бүрийн шалтгаанаар ирэхгүй байх тохиолдол гардаг. Ингээд 5-6 хүүхэд ирээгүй байвал төсвөөс өгөх хувьсах зардлаа хасчихдаг. Ийм бүдүүлэг аргаар хувьсах зардал хасдагаа болих хэрэгтэй" гэв.

“ТЭСО” компанийн Гүйцэтгэх захирал Л.Буянтогтох, Монгол Улс ойрын хугацаанд эдийн засгаа өөд нь татья гэвэл уул уурхайн салбараа яаралтай сэргээх хэрэгтэй. Алсдаа оюун ухааны өртөг шингээсэн технологи зардаг тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн бол  “Энсада” компанийн Ө.Болдсайхан  өнөөдөр бүгдээрээ дээд боловсролыг шүтсэнээр хөдөлмөрийн зах зээл дээр ажилчдын дутмагшил бий болсон. Тиймээс бүрэн дунд боловсролд илүү анхаарах нь зөв юм хэмээж байв.

Үйлдвэрлэгчдийн саналыг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, "Засгийн газар зөвхөн эмч багш нарын төлөө гэдэг юм уу эсвэл зөвхөн бизнесийнхний төлөө ажиллана гэсэн үг биш.  МҮХАҮТ худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг тэгш хангадаг гэж ойлгож байгаа. Тиймээс дараагийн уулзалтад жижиг бизнесийнхний төлөөллийг оролцуулаарай. Үйлдвэржилтийн бодлогын тухайд та бүхний гаргасан саналтай санал нэг байна. Тэгэхээр яам бүр өөрийн үйлдвэржилтийн бодлогоо гаргаж ир гэсэн үүргийг Засгийн газраас өгсөн. Бид олон ажлын хойноос цаг алдаж явахгүй. Харин тодорхой ажлын хойноос үр дүн гартал ажиллана" гэлээ.

 

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ