“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон талын оролцоо, нээлттэй байдлыг чухалчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүс нутагт аюулгүй байдлыг хангаж, энх тайвныг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын санаачилсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ээлжит бага хурал ГХЯ-нд өнөөдөр эхэллээ.
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх 8 дахь бага хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж
хэлэхдээ, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” 10 жил болж буйг онцлоод, бүс нутгийн энх
тайван, аюулгүй байдлын талаар гадаад бодлогыг оновчтой болгох зорилготой олон
улсын энэ бага хурлыг бид олон талын оролцоотой, нээлттэй хийж зохион байгуулахыг хичээж ирсэн. Энэ удаа ч эдийн засаг, улс төр, нийгмийн өргөн хүрээнд олон
улс орон, гадаад, дотоодын байгууллагуудын төлөөлөл оролцсон байдлаар хийж
байна.
Учир нь бид Солонгосын хойгийн асуудлаас эхлээд хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хүнс, хөдөө, аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, байгалийн гамшиг, ногоон эдийн засаг гээд олон хүрээний асуудлыг хэлэлцэх юм. Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгий нөхцөл байдал Зүүн Хойд Азид яриа хэлэлцээг үргэлжлүүлэн өрнүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гээд бага хурлын төлөөлөгч нарт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүслээ.
Хоёр өдөр үргэлжлэх энэ
удаагийн яриа хэлэлцээг:
- “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”,
- “Зүүн хойд Азийн
олон талт хамтын ажиллагаа”,
- “Зүүн хойд Азийн
энх тайвны ирээдүй” залуу
судлаачдын форум анх удаагаа,
- “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын
ажиллагаа”,
- “Зүүн хойд Азийн
эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн
үндсэн таван салбар хуралдааны хүрээнд зохион
байгуулж
байна.
Хуралд 20 орчим улсын 60 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын 10 гаруй байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, төлөөлөгч нар оролцож байна.
Гэрэл зургуудыг Б.Чадраабал