АЗЗА-ын компаниудыг нэгтгэх талаар санал авч судлахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-06-14 14:43:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Авто замчдын ҮЭ-үүдийн холбоо Засгийн газраас гаргасан авто замын засвар арчлалтын компаниудыг нэгтгэх шийдвэрийн хүрээнд мэдээлэл хийлээ.


Засгийн газрын шийдвэрээр 20 аймагт үйл ажиллагаа явуулж буй авто зам засвар арчлалтын байгууллагуудыг нэгтгэх юм. Ингэснээр 1.5 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй компанийг нийлүүлэн, олон нийтэд хувьцаа гаргах, компанийн засаглалыг сайжруулж хөрөнгө оруулагчдыг татах, ТУЗ-ийн 180 хүний тоог 9 болгож цөөлөх гэсэн давуу талууд бий болно гэж Засгийн газар үзжээ.


Дээрх шийдвэрийг Авто замчдын ҮЭ-ийн хороодын удирдлага, ажилтнууд авто замчдын хөдөлмөр бүтээлээр бий болгосон өмч хөрөнгийг үрэгдүүлэх эрсдэлтэй хэмээн үзэн хүлээн авч байна. Мөн 20-иод жилийн өмнө үүнтэй адил нэгтгэл болсон хэдий ч төдийлөн амжилт олоогүй гэдгийг ч мэдэгдлээ.


Авто замчдын ҮЭ-үүдийн холбоо АЗЗА компаниудыг ашгийн бус байгууллага гэдгийг тодотгож, хэрэв замын компаниудыг ашиг олох хэрэгсэл болговол зам засвар арчлалт чанаргүй болж эзгүйрэн, улирлын чанартай, богино хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэл учирна. Зам засвар, арчлалтад шаардагдах шатах тослох материал, сэлбэг хэрэгслээ тухай бүрд түргэн шуурхай шийдвэрлэхэд хэцүү, мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчний нөөц алдагдах, авто замын аюулгүй байдлыг хангах боломжгүй болно хэмээн мэдэгдлээИймээс төр, засгийг шийдвэр гаргахдаа салбарын мэргэжилтэн, холбогдох хүмүүсээс санал асуулга, судалгаа авч, дахин хянаж үзэхийг шаардан, энэ талаар ЗТХЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хандаж буйгаа мэдэгдлээ.

А.Мичидмаа

Холбоотой мэдээ