Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-12 12:49:47

Хүний амьдралын чанар, эрүүл урт наслалтад анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл нотолгоонд  тулгуурласан анагаах ухааныг хөгжүүлэн, шинэ мэдлэгийн эрэл хайгуул хийх, оюуны бүтээлийг эргэлтэд оруулах замаар эрүүл мэндийн дэвшилтэт  технологийн  хөгжлийг  хангах нь улс  орнуудын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага  болж  байна хэмээн мэргэжилтнүүд “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Тус хурлыг эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, оюуны бүтээлийг баялаг болгох зорилгоор ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа.

Хурлаар эрүүл мэндийн салбарын засаглал, манлайлал, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалт, эрүүл мэндийн санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгсэл, технологи, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, тандалт гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарт мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд нотолгоо мэдээлэл болж, эрүүл мэндийн салбарын эмч, судлаачдын оюуны бүтээлийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох арга зам нээгдэн, олон улсын түвшинд шинэ санаа, шинэ мэдлэг солилцох, түгээх боломж бүрдэх юм.

Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын болон гадаад орны төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл, холбоод, судлаач, мэргэжилтнүүд оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ