Ипотек: Иргэд нийт 700 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-07 12:54:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 5 дугаар сарын байдлаар 2469 иргэнд, 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.


Зээл олголт хэвийн үргэлжилж байгаа ч нийгэмд өндөр байгаа уг зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Он гарснаас хойш иргэд арилжааны банкуудад 700 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ. Үүнд төрөөс 270 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаад байгаа, үлдсэн зээл нь эргэн төлөлтөөс хүлээгдэж буйг БХБЯ-наас мэдээлж байна. Хөдөө, орон нутагт оршин сууж буй иргэд болон суурин газрын гэр хорооллынхны орлогод нийцсэн орон сууцанд хамрагдах хүсэлт их гаргадаг ажээ.


Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 300-400 тэрбум төгрөг гардаг. Үүн дээр арилжааны банкуудаас 200 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгддэг. Нийт 600 гаруй тэрбум төгрөг болдог ипотекийн энэхүү санхүүжилт нь зах зээл дээрх байр, орон сууцны үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй байх, хамгийн боломжит дүн гэж мэргэжилтнүүд тооцолж байна.


Санхүүжилтийн тогтолцоог авч үзэхэд эхний зээл авсан иргэдийн эргэн төлөлтөөр эргээд зах зээлд ипотекийн зээлийг гарган, дараагийнхаа зээлийг санхүүжүүлэх хэлбэрээр явуулж байна.


Монголбанк хариуцан хэрэгжүүлж байсан ипотекийн зээлийн үйл ажиллагааг ирэх 7 дугаар сарын 1-нээс Засгийн газарт буюу БХБЯ-нд шилжүүлэхээр Сангийн яам, БХБЯ, Монголбанкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж байна.



Банкуудын олгосон зээлийг багцлаад үнэт цаас болгох үйл ажиллагаа явуулдаг Монголын Ипотекийн корпорац (МИК)-иас мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 4 мянга гаруй зээлийн 260 орчим тэрбум төгрөгийн багцыг банкуудад санал болгоод байна.


Түүнээс гадна орон нутагт ипотекийн зээлийн батлан даалтыг 9 аймагт гаргаад байна. Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгосон. Урдчилгаа төлбөрийн 60 хувийн 30 хувийг төр, засаг батлан даахаар шийдвэрлэсэн юм. Урдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж чадаагүй иргэд аймаг, орон нутагт их байгааг харгалзаж буй. Худалдан авах гэж буй орон сууцныхаа үнийн дүнгийн 12 хувийг бүрдүүлснээр хамрагдах боломжтой байгаа.


Уг зээлийн батлан даалтын эрэлт их байгааг Зээлий батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн газраас мэдээлж байна. Ипотекийн зээлд:

  • 199.2 тэрбум төгрөгийг Монголбанкнаас,
  • 57.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаас гаргасан дүнтэй байна.

Үүнээс 66 хувь нь нийслэлд, 34 хувь нь орон нутагт байна.

Холбоотой мэдээ