Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрөхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-06-05 15:03:40

АНКАРА. /DW/. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг АНУ-ын тэргүүлсэн батлан хамгаалах эвсэлд нэгдэх Шведийн хүсэлтийг эсэргүүцсэн байр суурь баримтлахаа зогсоохыг Анкарад уриалжээ.


“НАТО-гийн гишүүнчлэл Шведийг аюулгүй болгоод зогсохгүй НАТО, Туркийг улам хүчирхэг болгоно. Шведийг элсүүлэх асуудлыг аль болох ойрын хугацаанд эцэслэн шийднэ гэдэгт найдаж байна” гэж Й.Столтенберг Истанбул хотод зочлох үеэрээ мэдэгдсэн байна.


Мөн саяхан Шведэд террорист байгууллагуудыг дэмжих асуудалтай холбоотой хатуу хуулиудыг танилцуулж, Анкаратай терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн талаар дурдаад, “Швед улс Туркийн санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дорвитой тодорхой алхмуудыг хийсэн” гэдгийг онцолжээ.


Й.Столтенберг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы бямба гарагт болсон тангараг өргөх ёслолд оролцохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Туркт айлчилсан юм. Туркийн засгийн эрхийг 20 жилийн турш барьж буй /ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн хувиарР.Эрдоганы Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн гурав дахь хугацаа ийнхүү албан ёсоор эхэлжээ.


НАТО-гийн тэргүүн мөн Туркийн шинэ Гадаад хэргийн сайд Хакан Фидантай хэлэлцээ хийжээ. НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтийг бүх гишүүн орны хууль тогтоох байгууллага соёрхон батлах ёстой. Финландын хүсэлтийг хамгийн сүүлд баталсан хоёр улс болох Турк, Унгарын хууль тогтоогчид Шведийн асуудлаар мөн санал хураалт явуулаагүй байгаа юм. 

Холбоотой мэдээ