БИШКЕК: 53 кг-ийн жинд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Киргиз Улсын Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний гурав дахь өдөр буюу 6 дугаар сарын 3-ны барилдаанд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монголын гурван бүсгүй иж бүрэн медаль хүртлээ.
Тодруулбал, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаав.
53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан монгол бүсгүйчүүдийн халз барилдаанд Б.Хулан 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр дарж ялалт байгууллаа.