Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй гэдгээ дахин мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй гэдгээ дахин хэлж байна. Тодруулбал, төр нь хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг хийхгүй байх зарчмыг баримталж байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан МҮХАҮТ-д өнөөдөр болсон “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган дээр дахин мэдэгдэв.
Тэрбээр, төрийн
өмчит компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог болно гэдгийг тодотгов. Үүнийг төрийн өмчит компаниудын үр ашиг,
засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах замаар шийдэж, ийм тогтолцоог нэвтрүүлнэ гэлээ.
Өнгөрсөн оноос эхлэн “Эрдэнэс Монгол” ХХК-д дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгдсэн. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг төрийн өмчит бусад компанид бий болгохоор Засгийн газар ажиллаж байна гэв.
“Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ
оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь мөн тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд үйл
ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндрөөр үнэлэгдэж
ирсэн” гэдгийг дурдав. Цаашид, төрийн
өмчит компаниудад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, ил тод байдлыг
нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг шинэчлэлийг нэгдсэн байдлаар хийнэ.
Мөн төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд
үнэлгээний журмыг шинэчилнэ гэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд зохион байгуулсан “Төрийн өмчит компаниудын
сэргэлт” чуулганд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс
Тавантолгой”, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” зэрэг 37 компанийн
удирдлага, инженер техникийн 400 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.
Чуулганд Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого, зохицуулалтын газрын дарга, “Эрдэнэс
Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх
захирал С.Наранцогт нар “Эрдэнэс Монгол нэгдэл-засаглалын шинэчлэл”, “Эрдэнэс
Монгол нэгдэл-стратегийн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн Төслийн судалгаа, үнэлгээний газрын ахлах менежер Я.Өлзийболд “Төслийн загварчлал, судалгаа, үнэлгээ”-ний талаар, “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны аюулгүй ажиллагаа хариуцсан менежер М.Ариунтунгалаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал: Тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, сайн туршлага”-ын талаар компаниудын ажилтнуудад зөвлөгөө өгөв.