“Air China” компани арьсны өнгөөр ялгаварласан зөвлөмж гаргасныхаа төлөө уучлалт гуйлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-09-09 14:18:40

ЛОНДОН. /VOA/. “Air China” компани Лондонг зорьж буй зорчигчдоосоо уучлалт гуйжээ.

Учир нь, тус компаниас гаргасан зөвлөмжүүд бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан зүйл гэж олон хүн үзэж байгаа ба Их Британийн зарим улс төрчид ихэд бухимдаж байгаа юм. Английн нэгэн улс төрч Хятадын агаарын тээврийн компанийн удирдлагыг олон үндэстний хүмүүс оршин суудаг дүүрэгт ирж бодит байдалтай танилцахыг урьжээ.

Зөвлөмжүүдтэй холбогдуулан "Эир Чайна" компани өчигдөр мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд тус онгоцны бүхээгт байдаг “Wings of China” сэтгүүлд гарсан зарим нийтлэлүүд нь “оновчгүй бөгөөд манай байгууллагын байр суурийг илэрхийлээгүй” гэжээ.

Тус  компанийн нисэх онгоцнуудын суудлын ард байрлуулсан аюулгүй байдлын зөвлөмжид “Лондон бол аялахад аюулгүй газар” гэж хятад, англиар бичээд “гэхдээ Энэтхэг, Пакистан болон хар арьстнууд олноороо оршин суудаг газруудад очихдоо болгоомжтой байх хэрэгтэй” гэж анхааруулсан аж.

Мөн уг сэтгүүлд нийтэлсэн өөр нэгэн зөвлөмжид “шөнө оройн цагаар ганц нэгээрээ гадуур явахгүй байхыг жуулчдад бид зөвлөж байна. Хэрэв эмэгтэй хүн дээрх газраар аялах бол заавал хүн дагуулж явах хэрэгтэй” гэсэн байна.

CNBC сувгийн Бээжин дэх сурвалжлагч Хазе Фан лхагва гарагт "Эир Чайна"-гийн нисэх онгоцоор зорчиж явахдаа уг зөвлөмжүүдийн зургийг авч твиттер хуудсандаа байрлуулжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ