Иогийн фестиваль зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын иогчдын холбооноос Иогийн фестивалийг “Амар амгалан-Аз жаргал-Эрүүл мэнд- Эрч хүч” уриан дор 3 дахь удаагаа энэ сарын 23-ны өдөр Blue Sky Hotel & Tower-д зохион байгуулна.
Иогийн фестиваль 7.00-18.00 цаг хүртэл үргэлжилж, энэ үеэр иогийн 30 төрлийн сургалтыг Монголын болон БНЭУ, ОХУ-ын Буриадаас уригдаж ирсэн багш нар заана. Иогоор хичээллэж байгаагүй хэн бүхнээс эхлээд туршлагатай иогч гээд олон янзын түвшний, бүх насны хүмүүст тохирсон хичээл байх юм. Буриад багш Монголдоо шинэлэг, өвөрмөц болох Түвдийн дуут аягаар илааршуулах засал хийх нь оролцогчдод сонирхолтой байх болно.
Хөтөлбөрт иогийн Нарны мөргөл, олон төрлийн иог, бясалгалын сонирхолтой хичээл, түүний дотор эрүүл амьдрахуйн тухай лекц, Санамсрын бясалгал, Монхэм бие биелгээ бясалгал, иог пилатес, хатха, аштанга, виньяса иог, амьсгалын дасгал, ахмадын, үе мөч, нуруу, хүчний, навакарана, жирэмсний, хоол боловсруулалтыг дэмжих, кундалини иог, Түвдийн дуут аягаар илаарших засал багтсан байгаа. Мөн энэ үеэр иогийн хэрэгсэл, эрүүл амьдрахуй, эрүүл хоолны бараа үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Энэтхэгийн Элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулах Иогийн фестиваль нь Монголын нийгэмд иогийг сурталчлан таниулах зорилготой. Эртний иогийн тухай мэдлэгийг олны хүртээл болгон дэлгэрүүлэн хөгжүүлэх, иогийн цогц мэдлэг олгох замаар Монголын хүн амыг эрүүл, энх амгалан, эрч хүчтэй болгох үүднээс цөөн хэдэн иогчийн санаачилгаар Монголын иогчдын холбоо ТББ-ыг 2014 онд байгуулжээ. Тус холбоо олон нийтэд зориулсан иогийн бүх төрлийн сургалт, семинар, үйл ажиллагаа, танилцуулах лекц болон иогийн багш бэлтгэх, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн, стандарт тогтоож, итгэмжлэх зэрэг олон ажил зохион байгуулдаг. Мөн НҮБ-аас тунхаглан зарласан Олон улсын Иогийн өдрийг тохиолдуулан Энэтхэгийн ЭСЯ-тай хамтран 2015-2022 онд өдөрлөг, Монголын Иогийн фестивалийг 2019, 2022 онд зохион байгуулсан байна.