Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хоёр сараар сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-18 08:55:52

АНКАРА. /DW/. Украинаас дэлхийн зэх зээл рүү үр тариа нийлүүлэхийг зөвшөөрсөн гэрээг дахин хоёр сараар сунгах тохиролцоонд хүрсэн талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт мэдэгдлээ.


“Манай улсын хүчин чармайлт, Орос нөхдүүдийн дэмжлэг, Украин нөхдүүдийн оруулсан хувь нэмрээр Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг дахин хоёр сараар сунгахаар шийдвэрлэлээ” гэж Р.Эрдоган телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


Украин, Оросын төлөөлөгчид мөн дайн үргэлжилж байгаа хэдий ч Хар тэнгисийн боомтуудаас экспортыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэрээг сунгасныг баталсан байна.


Тухайлбал, Украины Шадар сайд Александр Кубраков үр тарианы коридорыг долоодугаар сарын 18 хүртэл нээлттэй байлгахаар болсныг батлаад, “бид санаачилгыг сунгасныг сайшааж байна, гэхдээ энэ нь үр дүнтэй байх хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэж байна” гэж “Facebook” хуудсандаа бичсэн байна.


ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ, “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг хоёр сараар сунгахаар болсон талаар Туркийн Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлийг бид баталж байна” гэв.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Туркийн зуучилсан хэлэлцээрийг сайшаагаад, Украин, Оросын хүнсний бүтээгдэхүүн дэлхий нийтийг хангадаг тул эдгээр хэлэлцээр нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг онцолсон байна.


Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг өнгөрсөн оны долоодугаар сард анх байгуулсан бөгөөд энэ оны гуравдугаар сард 60 хоногоор буюу тавдугаар сарын 18 хүртэл сунгасан юм. Энэхүү санаачилгын хүрээнд Украины боомтуудаас 30.3 сая тонн үр тариаг экспортолсон байна. 

Холбоотой мэдээ