"Олон улсын гэр бүлийн өдөр" 46 хос хуримаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-05-15 14:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнөөдөр тохиож буй Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан НЗДТГ, Гэрлэх ёслолын ордонтой хамтран “Дурсамж” хуримын ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.


2022 онд нийслэлийн харьяа байгууллагын ажилтан 60 хосын хуримын ёслолыг зохион байгуулсан бол энэ жилийн хувьд 46 хосын хуримыг хийж буй юм.

 

Мөн энэ өдөр нийслэлийн онцлох гэр бүлийг “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Оюунлаг”, “Бүтээлч”, “Спортлог”, “Эко” гэсэн таван номинациар шалгаруулав. 2013 оноос эхлэн жил бүр нийслэлийн онцлох гэр бүлийг шалгаруулж ирсэн уламжлалтай.

2023 онд “Онцлох гэр бүл”-ээр:

- "Хүмүүнлэгийн үйлстэн гэр бүл"-ээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн М.Сосорбарамын гэр бүл,

- "Оюунлаг гэр бүл"-ээр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны иргэн Б.Батболдын гэр бүл,

- "Бүтээлч гэр бүл"-ээр Баянгол дүүргийн 6-р хорооны иргэн Д.Хуяг-Очирын гэр бүл,

- "Спортлог гэр бүл"-ээр Чингэлтэй дүүргийн 4-р хорооны иргэн М.Шинэтөрийн гэр бүл,

- "Эко гэр бүл"-ээр Багахангай дүүргийн иргэн Д.Хасчулууны гэр бүл тус тус шалгарсан байна.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай оны эхэнд нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан, албан хаагч залуу хосуудын судалгаа, мэдээллийг авснаар хосууд өнөөдөр хуримаа хийж байгааг онцолж байлаа.

Хуримаа хийж буй Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Б.Ихбаяр “Би онцгой байдлын байгууллагад 2018 оноос хойш ажиллаж байна. Эхнэртэйгээ танилцаж, хамт амьдраад дөрвөн жил болсон. Хүний амьдралд ганц тохиох баярт мөчийг маань мартагдахааргүй сайхан тэмдэглэж өгч байгаа нийслэлийн удирдлагууд болоод Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, “Онцлох гэр бүлүүдтэйгээ бид хамтран сайн дурын ажил хийж, үлгэр дуурайлал болгох ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн Оюунлаг гэр бүлээр эрдэмтэд шалгарсан тул хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд болон байгууллагуудад сургалт, нөлөөллийн ажил хийсэн. Энэ жилийн Оюунлаг гэр бүлээр эмч нар шалгарсан. Бид зорилтот өрхүүдэд ажиллаж, сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 412 мянган өрх байна. Үүнээс таван гэр бүлийг сонгож шалгарууллаа. Эко гэр бүл л гэхэд 20 гаруй ажлын байр бий болгож, эмийн ургамал тарьж байна” хэмээлээ.


Нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан албан хаагч, залуу хосуудын гэрлэх ёслолыг тэмдэглэж, нийслэлийн “Онцлох гэр бүл”-ээр шалгарсан гэр бүлд шагнал гардуулж, “Гэр бүлийн өдөр”-ийн бэлэг барьж барив.

Холбоотой мэдээ