СЭЛЭНГЭ: Сувилагч Ж.Цэвэлмаа Алтан гадас одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-12 13:35:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЭМТ-ийн вакцинатор сувилагч Ж.Цэвэлмаа төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртлээ.

 

Вакцинатор сувилагч Ж.Цэвэлмаа 1985 онд Дархан хотын АУДуС-ийг ерөнхий мэргэжлийн сувилагчаар төгссөн байна. Улмаар Цагааннуур сумын хүн эмнэлэгт томилогдож тэр цагаас тасралтгүй 37 жил хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх их үйлсэд бие сэтгэлээ зориулжээ.

 

Энэ хугацаанд тэрбээр давхардсан тоогоор 40150 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэсэн аж. Мөн хэвтэн эмчлүүлэгчдэд сургалт сурталчилгааг тогтмол хүргэж, анхан шатны маягтыг стандартын дагуу хөтлөх, материал тоног төхөөрөмжийн бэлэн байдал, ариутгал үйлчилгээг горимын дагуу чанд сахиж, залуу хойч үеэ бэлтгэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

 

Мөн нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр сумынхаа хариуцсан хороо, хэсгийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт сурталчилгаа тогтмол явуулж, эрүүл аж төрөх зан үйлд сургаж дадлагажуулах ажлыг давхар гүйцэтгэсээр иржээ.

 

Түүнчлэн 2016 онд улаан бурхан, улаануудаас урьдчилан сэргийлэх нэмэлт вакцинжуулалтад 18-30 насны хүн амыг 100 хувь хамруулснаар суманд улаан бурхан, улаануудын өвчлөл гаргаагүй ажилласан байна.

 

Мөн 2021 онд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад сумын 18-аас дээш насны хүн амыг идэвхтэй хамруулж, вакцинжуулалтын ажилд идэвх зүтгэлтэй ажиллажээ.

Холбоотой мэдээ