ӨВӨРХАНГАЙ: Хайрхандулаан суманд эмнэлэг, цэцэрлэгийн өртгөтгөлийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-11 16:51:04

Хайрхандулаан /МОНЦАМЭ/. Хайрхандулаан суманд цэцэрлэгийн болон эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Улсын төсвийн 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн хүчин чадалтай, урлаг заалтай цэцэрлэгийн өргөтгөлийг барьж, үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.


Ингэснээр 3 бүлэг, 75 хүүхэдтэй хуучин цэцэрлэгийн ачааллыг багасгаж, 5 бүлгийн 125 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэж байна. Тус цэцэрлэгт 17 багш, ажилчид ажилладаг.

Мөн эмнэлгийн эмч, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, эмчилгээ, сувилгааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, 15 ортой эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээн авч байна.


Хайрхандулаан суманд 2021 онд “Сумын төсвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж, албан байгууллагууд, айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбогдох нөхцөлийг бүрдүүлсэн.  Ирэх оны төсөвт тус сумыг улсын чанартай магистрал замд холбох 3.2 км замын хөрөнгийг тусгахаар зураг төслийг боловсруулжээ. 



Холбоотой мэдээ