ГОВЬ-АЛТАЙ: Уншигч, зохиолчийн чөлөөт уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-09 15:26:51

Есөнбулаг /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2023“ үйл ажиллагааны хүрээнд Ахмад зохиолч Д.Сүрьяагийн нэрэмжит Нийтийн номын санд Соёл, урлагийн газрын дэргэдэх утга зохиолын “Содон хуудас” дугуйлангийн хүүхэд залуусын чөлөөт уншлага, ”Уншигч-зохиолчийн уулзалт” зохион байгууллаа.


Уулзалтын үеэр МЗЭ-ийн болон Чадраабалын Лодойдамба, Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Гочоогийн Чардагийн уран бүтээлийг хүүхэд залууст таниулан сурталчлах “Уншигч-зохиолчийн уулзалт” мөн зохиолчийн богино өгүүллэгүүдээс нь унших “Уран жиргээ” уралдааны танилцуулга, ном уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэв. 


"Хантайшир” утга зохиолын нэгдлийн гишүүн яруу найрагчдын болон Соёл, урлагийн газрын дэргэдэх утга зохиолын “Содон хуудас” дугуйлангийн хүүхэд залуусын чөлөөт уншлага зэрэг үйл ажиллагаа өрнөсөн юм.


Алтайн утга зохиолын залгамж халаа шүлэг, яруу найраг сонирхогч 55 хүүхэд залуус хамрагдаж, өөр өөрсдийн өнгө аялгуутай найраг шүлгээ уншиж, ахмад болон шинэ залуу үеийн төлөөлөл зохиолч яруу найрагчдын үнэтэй зөвлөгөөг сонсохын зэрэгцээ утга зохиолын тухай яриа өрнүүлсэн тухай Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ