СЭЛЭНГЭ: Үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг-өв соёл" уриан дор тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-08 12:44:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг-өв соёл" уриан дор энэ удаагийн үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, үндэсний бичиг үсгийн баярыг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг уламжлалтай.


Дээрх үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын төрийн албан хаагчдын дунд “Шилдэг үндэсний өв тээгч” зөв, цэвэр бичигтэн, “Шилдэг үндэсний бичиг үсэг сонордуулагч” түргэн тод уншигч, “Шилдэг үндэсний өв соёлоо эрхэмлэгч байгууллага шалгаруулах уралдаануудыг тус тус зохион байгуулжээ.

Энэ үйл ажиллагаанд нийт 14 байгууллагын 27 албан хаагч оролцсон байна.


Ингээд “Шилдэг үндэсний өв тээгч” зөв, цэвэр бичигтнээр Хилийн цэргийн 0101-р ангийн Ахлах шалгагч Л.Оюунжаргал, “Шилдэг үндэсний бичиг үсэг сонордуулагч” түргэн тод уншигчаар Хилийн цэргийн 0243-р ангийн нягтлан бодогч Б.Баяржаргал, “Шилдэг үндэсний өв соёлоо эрхэмлэгч байгууллага”-аар Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хамт олон шалгарчээ.


Цаашид Монгол Улс мөнхөд оршиж, монгол бичиг соёлоо салбар, салбарын ажилтан, албан хаагч бүр ойлгон ухамсарлаж, манлайлагч байх. Мөн түүнийг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллахыг оролцогчдоос уриаллаа.

Дээрх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сан, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар хамтран зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ