СЭЛЭНГЭ: Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүний нэрэмжит төгөл байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-05 20:03:12

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Буриад улсын Тэргүүний нэрэмжит төгөл байгуулах ажлын эхлэл болгон мод тарилаа.


Тэрбээр энэхүү үйл ажиллагааны үеэр “Миний бие 2022 онд Буриад Улсад 4 удаагийн албан айлчлалыг хийж хамтын ажиллагааныхаа хүрээнд санал бодлоо хуваалцаж байсан. Өнөөдөр энэхүү уулзалт биеллээ олж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж, хамтран оролцохоор ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүнээр ахлуулсан төлөөлөгчид ирж, 1 га газарт ойжуулалт хийж өгч байна.



Сэлэнгэ аймаг "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болохоо зарласан. Энэхүү ажлын хүрээнд аймгийнхаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа 500 сая модны гэрээ хийсэн.


Буриад Улс, Сэлэнгэ аймаг бол газар нутаг, хөрсний хувьд ижил, ойролцоо. Ийм учраас Буриад улсаас оруулж ирж байгаа тарьц, суулгац Сэлэнгэ аймагт маш сайн зохицож ургадаг.

Өнөөдөр байгуулсан төгөл, хожим, сая бидний үзсэн Тужийн нарсан төгөл шиг болно гэдэгт итгэлтэй байна. Бидний тарьж ургуулсан, Буриад улсаас ирсэн тарьц суулгац ийм сайхан ургаж байна гэдгийг та бүхэнд бид үзүүлэх болно. Бид бас эрдэмтэн докторуудын гаргаж ирсэн олон төрлийн жимсний сортуудыг аймагтаа нутагшуулж, томоохон жимсний төгөлтэй болгохыг зорьж байгаа” хэмээв.


Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов: ”Манай орос үг байдаг. Эрэгтэй хүн бүр өөрийнхөө насанд 3 зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт гэр барих. Хоёрдугаарт хүүтэй болох. Гуравдугаарт мод тарих. Миний хувьд гэрээ барьсан. Би 3 хүүтэй болсон. Одоо мод тарьж байна. Мөн энэ мод тарьж буй газрыг ерөөмөөр байна. Яагаад гэвэл мод тарьснаар энд агаар цэвэршиж байдаг.


Мөн энэ газрыг аз жаргалтай байлгахыг хүсч байна. Энэ талбай бараг л буриад талбай шиг болчихсон байгаа. Манай Буриад улсаас ирсэн зочид, мод тарихаар ирсэн ажилчид та нар энд цайгаа уудаг байгаарай” гэв.

Тэрбээр энэ үеэр ийм сайхан нарсан төглийг байгуулахад гар бие оролцсон, гайхалтай үйлсийг бүтээсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Жамсран гуайд гарын бэлгээ гардууллаа.

 

Холбоотой мэдээ