БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нөлөөллийн аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-27 15:59:47

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тохиох "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"-ийг угтан хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн аян өрнүүлж байна.

Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах зорилготой энэ өдрийг 2001 оноос дэлхий дахинд, 2006 оноос Монгол Улсад Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар тэмдэглэж байгаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тухайн тэмдэглэлт өдрийг тохиолдуулсан нөлөөллийн аяныг “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” уриан дор  зохион байгуулж байна. Аяны хүрээнд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг сурталчилсан постерууд бэлтгэн нийгмийн сүлжээгээр түгээж, эцэг, эхчүүдэд түгээмэл тохиолддог бэрхшээлтэй асуудлаар зөвлөгөө өгөх онлайн суваг ажиллуулж байгаа аж. Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-өөр дамжуулан хүмүүжлийн эерэг аргын сургалтуудыг хүргэж байна.

"Тус аяны хүрээнд орон нутгийн радио, телевизүүдээр ярилцлага, нэвтрүүлгүүдийг бэлдэж хүргэж байгаа. Аяныг энэ оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл явуулах ба нийтдээ 5 мянга орчим эцэг эх, асран хамгаалагчид хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээ, мэдээллийг хүргэхийг зорьж байгаа" гэж аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн А.Гарыш хэллээ. 

Холбоотой мэдээ