Шилжих сүрэг нэг өрхийн малыг 100 гаруйгаар өсгөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 12:59:14

Сумаасаа хэрэгжүүлсэн малжуулах төслийн үр шимийг малчид хүртэж, өөрийн малыг дор хаяж 100 гаруй толгойгоор өсгөсөн сайн мэдээ Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байна. Энэ нь мөнгөн дүнгээр тооцоход 8- 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт болжээ.  

Дундговь аймгийн ихэнх сум орон нутгийн хөгжлийн сангаасаа хөрөнгө гаргаж, мал цөөтэй өрхөө малжуулах төслийг эхлүүлсэн байдаг. Эдгээр сумын нэг нь Дэлгэрхангай юм. Тус сум 2014 оны хавар 100 гаруй сая төгрөгөөр төллөх насны бог мал худалдан авч, сумандаа шилжих сүргийг бүрдүүлсэн байна. Үүнийгээ 100-150 толгой малтай 28 малчин өрхөд хуваарилан өгчээ.  Малчин өрх бүрт 45 мал ногдсон бөгөөд малчид малынхаа төлийг гурван удаа авч, сүү сааль, ноос ноолуурын ашиг шимийг хүртээд одоо дараагийн айлдаа төллөх насны 45 малыг шилжүүлэн өгөхөд бэлэн болжээ.

Шилжих сүргийн мал дээрхи малчин өрхүүдийн мал сүргийг 100 гаруй толгойгоор өсгөсөн, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэнд малчид сэтгэгдэл өндөр байна.

Тус сумын 4-р багийн Засаг дарга Ц. Даваа хэлэхдээ “ Хөдөөд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хамгийн сайн үр дүн өгч  хэрэгжиж байгаа нь малжуулах төсөл. Нэгэн зэрэг олон айлд амьжиргаагаа сайжруулахад нь бодит хөрөнгө оруулалт болж чадаж байна” гэсэн юм.

9 дүгээр сарын 15 гэхэд шилжих сүргийг дараагийн 28 өрхөд өгөх  ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ