ЗАВХАН: Банкны үйлчилгээ цахимжих нь олон талын үр ашигтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-24 16:31:57

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдрийн байдлаар арилжааны гурван банканд 64.4 мянган хадгаламж эзэмшигчдийн 142.2 тэрбум төгрөг байна.

Банкуудын нийт харилцахын үлдэгдэл 38 тэрбум 80.9 сая төгрөг, үүнээс иргэдийн харилцахын үлдэгдэл 26 тэрбум 613.5 төгрөг байна. Харин иргэдийн мөнгөн хадгаламжид 64.4 мянган хадгаламж эзэмшигчдийн 142.2 тэрбум төгрөг байна. Аймгийн дүнгээр нийт олгосон зээлээс 228.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнээс анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 2.8 тэрбум буюу 1.2 хувь, чанаргүй зээлийн үлдэгдэл 2.2 тэрбум буюу 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Анхаарал хандуулах болон, чанаргүй зээлийн үлдэгдэл өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байна.

 

Завхан аймагт Монголбанк, ХААН, Хас, Төрийн банкний салбар нийт 53 тооцооны төвд 260 гаруй ажилтан ажиллаж байна. Эдгээр банкуудаар дамжуулан 114470 гаруй харилцах данс эзэмшигч байна. Харин аймгийн хэмжээнд 24 АТМ, ПОС, ПОБ-ын төхөөрөмж 968 байдаг бол, 67831 банкны карт эзэмшигч байна.


Цахим үйлчилгээ буюу SMS банкны хэрэглэгч 45980 гаруй, мобайл банк хэрэглэгчийн тоо 21570 мянга орчим, интернэт банкийг 39870 гаруй хэрэглэгч хэрэглэж байна. Өнгөрсөн жилийн эцсийн мэдээтэй харьцуулахад мобайл болон, интернэт банкийг хэрэглэгчдийн тоо нэмэгджээ.  Ер нь банкний салбарын хэмжээнд, дэлхий даяар цахим шилжилт эрчимтэй өрнөж байгааг бид бүгд харж байна. Банкны үйлчилгээ дижитал болох нь давуу тал ихтэй.


Хамгийн энгийн нь гэвэл, банкны үйлчилгээг харилцагч амар хялбараар, байгаа газраасаа, хүссэн үедээ авах боломжтой болж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдын дэргэд очиж буй учир харилцагч цаг заваа илүү чухал, хэрэгтэй зүйлдээ зарцуулна.


Түүнчлэн цахим шилжилтийг дагаад тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлж буй том нөлөөг онцолж болно. Технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр харилцагчийн цаг заваас гадна тэр үйлчилгээг үзүүлэхэд ашиглах цаас, цахилгааны зардлыг хэмнэнэ.

Мөн салбар, тооцооны төвд очиход зарцуулах шатахууныг хэмнэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулна. Жижиг мэт харагдаж байгаа ч энэ өөрчлөлтүүдийн цаана урт хугацаанд маш бодитой үр дүн өгөхүйц, байгальд ээлтэй үйлчилгээнүүд бий болж байна. Тиймээс хүн төрөлхтөнд тулгараад байгаа экологийн асуудлуудыг шийдэх, тогтвортой хөгжилд ч хувь нэмрээ оруулж байгаа юм гэж Монголбанкны Завхан салбараас мэдээлэв.   

Холбоотой мэдээ