Дотоодын үйлдвэрээс худалдан авах, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д бараа, бүтээгдэхүүний тоог нэмэхээр Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталжээ.
Тогтоолын
төслийн хүрээнд “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага
хангасан барааны жагсаалт”-д шинээр 8 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж тусгуулав. Үүнд, LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны
гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон
дагалдах хэрэгсэл, тусгай
зориулалтын гутал, гагнуурын
арьсан хормогч, яс боловсруулж
үйлдвэрлэсэн нохой, муурын хоол, малыг
ялган тэмдэглэх хэрэгсэл, лааны
тос, парафин, галын хор, гагнуурын электрод зэрэг багтаж байна. Мөн 14 төрлийн
бүтээгдэхүүний стандартын шаардлагад нэмэлт, өөрчлөлт тусгасан аж.
Засгийн газрын энэ оны 113 дугаар тогтоолын хүрээнд дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг шинэчилснээр импортыг орлох дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохыг ХХААХҮЯ мэдээллээ.