СЭЛЭНГЭ: Өнгөрсөн онд 10 иргэн хачгаар дамжих халдвараар өвчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-14 16:39:25

Сүхбаатар/МОНЦАМЭ/. "Орос, Монгол улсын хилийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй хачигт халдварын лабораторийн оношилгоо, яаралтай урьдчилан сэргийлэлт" олон улсын сургалт, семинар Сэлэнгэ аймагт болж байна.


Сургалтаар хачгаар дамжих халдварт өвчний онош зүйн шинэ дэвшилтэт технологид суурилсан онош зүй, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах юм.


Сургалтад ОХУ-ын Эрхүү хот дахь Гэр Бүлийн Эрүүл Мэнд Нөхөн үржихүйн эрдэм шинжилгээний төвийн дамжуулагчаар дамжих халдварын лабораторийн эрхлэгч БШУ-ы доктор-Данчинова Галиниа Антольевнагаар ахлуулсан баг.

Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төв, аймаг нийслэлийн Зоонозын салбар төв болон Сэлэнгэ аймгийн хачигт халдварын голомтот бүс нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд. Мөн 14 аймгийн ЗӨСТ-ийн дарга, лабораторийн эмч, тархвар судлагч, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлагч нар болон эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.


Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн ЗООНОЗ өвчин судлалын төвийн дарга Н.Эрдэнэбатаас товч мэдээлэл авлаа.

Тэрбээр: ”2022 онд тус аймагт хачигт хазуулсны улмаас эмнэл зүйн шинж тэмдэг өгсөн хачигт халдварын сэжигтэй 27 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс лабораторийн шинжилгээгээр 10 иргэн хачгаар дамжих халдвараар өвчилсөн нь батлагдсан. 2023 он гараад өнөөдрийн байдлаар хазуулсан тохиолдол байхгүй байна.


Хачигт халдварт ойн сан бүхий сумд тухайлбал Алтанбулаг, Сүхбаатар, Хүдэр, Ерөө, Бугант, Шаамар, Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Мандал сум байгалийн голомттой, хамгийн их эрсдэлтэйд ордог.

2002 оноос хойш бүртгэгдсэн нийт хачигт халдварт өртсөн тохиолдлын 53 хувь нь Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Бугант, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт эзэлж байгаа.


Хачигт халдварын эмнэл зүйн шинж тэмдэг янз бүр байдаг. Хамгийн аюултай нь хачигт энцефалит буюу төв мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг вирусний халдвар бөгөөд нас барахад хүргэдэг. Ер нь архаг үлдэц ихтэй, эдгэрсэн ч гэсэн өвдөлт зовуурь ихтэй байдгаараа онцлогтой.


Энэ өвчнөөс вакцинаар сэргийлж болох боловч голомтот бүс нутгийн иргэдэд үнэ төлбөргүйгээр вакцин хийдэг. Иймээс иргэд өөрөө өөрийгөө энэхүү дархлаажуулалтад хамрагдсанаар халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой хэмээн ярилаа.


Сургалтыг энэ сарын 13-16-ны өдрүүдэд үргэлжлүүлэн явуулна.

Холбоотой мэдээ