Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-13 13:01:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөл БНСУ-ын Сансар Судлалын Их Сургууль /KAU/-тай хамтарсан цахим уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар KAU нь нисэх, сансрын салбарын тусгай боловсрол, сургалтуудаа өргөжүүлэхэд Монгол Улстай хамтран ажиллах талаар санал солилцов. Тус сургуулиас нисэхийн аюулгүй байдал, менежмент зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн дадлага сургалт, тодруулбал, нисгэгчдийн, АТС, засвар үйлчилгээ, бүхээгийн багийн сургалтыг багтаасан бакалавр, магистр, докторын зэрэг олгох хөтөлбөр боловсруулж, Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд урт хугацаанд хамтрах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Хоёр тал дараагийн уулзалтаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцсоныг ИНЕГ мэдээлэв.


ИНЕГ-ын Захиргаа удирдлагын газраас тус сургуульд иргэний нисэхийн салбарт хэрэгцээ шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж буй ажилтнуудыг мэргэшүүлэх, магистр, докторт суралцуулах чиглэлээр судалгаа хийж, хамтран ажиллах санал боловсруулна. Мөн Нисэхийн сургалтын төвөөс иргэний нисэхийн салбарт хүний нөөцийн судалгааг хийж, нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, агаарын хөлгийн техникч, аэродромын инженер, аюулгүй ажиллагааны удирдлагын мэргэжилтэн, иргэний нисэхийн хуульч гэх мэт 10 гаруй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг тогтоожээ. “Korea aerospace university”-тэй хамтын ажиллагааны санамж байгуулснаар эдгээр мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх боломж нээгдэх аж.


Уулзалтад ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, Нисэхийн Сургалтын төвийн дарга Б.Урантөгс, Хамтын ажиллагааны газрын дарга Р.Амарбаясгалан, Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.Батчимэг, АТБЗГ-ын мэргэжилтэн У.Энхриймаа, БНСУ-ын талаас KAU-ийн элсэлт хариуцсан декан, Доктор Ан Жүн Сон, Нислэгийн сургалтын төвийн гүйцэтгэх захирал ахмад Ким Ин Гюу, Элсэлтийн Оффисын багийн ахлах Со Дун Бун, Нислэгийн сургалтын төвийн багийн ахлах Шин Сын Вон, Олон Улсын асуудал хариуцсан менежер Жун Жи Хүн нар оролцлоо. 

Холбоотой мэдээ