ДУНДГОВЬ: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”-ын аяныг 12 дахь жилдээ тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-06 17:38:42
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг  “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр 4 дүгээр сарын 5-нд Мандалговь хотноо нээлтээ хийлээ.

Монгол Улс жил бүрийн 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагааг орон даяар зохион байгуулдаг.

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх зорилго дор төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж буй.



Сарын аяны нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Л.Доржбат, салбар зөвлөлийн гишүүд, ажил олгогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнууд, зөвлөлийн гишүүдийн төлөөлөл бүхий 150 орчим хүн танхим болон цахимаар оролцжээ.

Энэ үеэр "Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага сонгон шалгаруулах журам"-ыг танилцуулж, “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” аар шалгарсан “Өлзийт мандал” Өрхийн эрүүл мэндийн төвийн сайн туршлагыг оролцогчдод түгээсэн байна.



Ташрамд дурдахад 2022 онд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар Сайнцагаан сумын “Өлзийт мандал” Өрхийн Эрүүл мэндийн төв, Эрдэнэдалай сумын Хүүхдийн цэцэрлэг шалгарчээ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг аймгийн салбар зөвлөл 12 дахь жилдээ зохион байгуулж байна. 



Холбоотой мэдээ