БУЛГАН: Хот суурины усан хангамж, ариутгах татуургыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-06 07:07:58

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ жил хот суурины усан хангамж, ариутгах татуургыг сайжруулахад 2,9 тэрбум төгрөг зарцуулна.

Байгаль хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Хангал, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ зэрэг суманд цэвэр усны даралтат цамхаг байгуулах, Булган суманд гэр хорооллын төвлөрсөн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбох, цэвэр усан хангамжийн нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн Сайхан суманд цэвэрлэх байгууламж барих, Бүрэгхангай, Тэшиг суманд бохир зайлуулах машинтай болгох хөрөнгө оруулалт хийх юм.

            Тус аймагт усны нөөцийг тогтоох, олборлох, зүй зохистой ашиглах, түүний эх үүсвэрийг бохирдол, хомсдолоос хамгаалахын тулд ус хангамж, ариутгах татуургын системд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, шугам сүлжээг нэмэгдүүлж, бохир усыг стандартын хэмжээнд цэвэрлэж, дахин ашиглах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, иргэд, аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулах, аятай тухтай орчинд амьдруулахад чиглэсэн “Хот суурины ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого” хэрэгжүүлж байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Г.Давааням, "Бодлогын дунд хугацаанд буюу 2020-2025 онд инженерийн шугам сүлжээгүй сумдад ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээг шинээр барьж байгуулах ажил үе шаттай үргэлжилж байгаа. Сүүлийн хоёр жилд иргэдийн чанар, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангагдсан байдал 97,0, төвлөрсөн усан хангамж бүхий айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад тоолуур суурилуулсан байдал 95,0 хувь болж 7,0-15,0 хувиар нэмэгдсэн. Хэрэглээний халуун усаар хангагдсан аж ахуйн нэгж, айл өрхгүй байсан бөгөөд 2022 оны байдлаар Булган сумын барилгажсан хэсгийн 40,0 хувьд хэрэглээний халуун усны шугамд холбоод байна гэлээ. Одоогийн байдлаар найман сум, нэг тосгон төвлөрсөн цэвэр ус хангамжийн системд холбогдсон байна.

Холбоотой мэдээ