ДУНДГОВЬ: Б.Цолмонгэрэл: Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, эко хэрэглээ нь хүний эрүүл байх үндэс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-03 16:41:13
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Түүнчлэн ЭМЯ-наас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аян өрнүүлж буй энэ цаг дор эрүүл хүнс, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эко бүтэээгдэхүүний хэрэглээгээр хэрэглэгчдээ эрүүлжүүлэх, тэдэнд туслах сэтгэл өвөрлөн бизнес эрхэлж буй залуу гэр бүлтэй ярилцлаа.

“Шонхор” фитнес клубийн захирал С.Баттүвшин, түүний эхнэр Б.Цолмонгэрэл нар “HEALTHY CAFE” нээн ажиллууллаад удаагүй байгаа юм.


-Эрүүл хоол, эрүүл хүнсний бүтээгдэхүүн гаргах бизнесийн энэ санааг сонгож хэрэгжүүлсний учир вэ?

-Монгол Улсын хэмжээнд ходоодны хорт хавдар маш өндөр хувийг эзэлж байна гэсэн судалгаа байдаг.  Мөн таргалалт болон таргалалтаас үүсэх маш олон төрлийн эмгэгүүд байна. Хамгийн энгийн жишээ гэхэд л  нурууны суулт, үе мөчний өвчлөлүүд, таргалалт, буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй. Түүнчлэн энэ бүгдээс хүний ам болон биеийн үнэр, тэр ч байтугай сэтгэл санааны гутрал, өөртөө итгэлгүй байдал ч хамаардаг.

Тиймээс бид хоёр хүмүүст туслахсан, дасгал хөдөлгөөнөөр жинг нь бариулах, стресс, сэтгэл санаа гутралаас гаргахсан гэсэн зорилгоор “Шонхор” фитнес клуб нээн ажиллуулсан. Фитнес клубийг ажиллах явцад ажиглагдсан нэг зүйл бол хүн зөвхөн дасгал хөдөлгөөн хийгээд хүссэндээ хүрдэггүй юм байна, тэдэнд амьдралын зөв дадал хэвшил, эрүүл хооллолт хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авсан.

Тиймээс л “эрүүл хоол” гэдгийг судалж, олж мэдсэнээ гэр бүлдээ хэрэгжүүлж эхэлснээр үүнийгээ бусдад, хүссэн хүмүүст нь хүргэхсэн гэсэн санаа төрсөн юм.



-Мэдээж бизнесийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, санхүүжилт. Энэхүү үйл ажиллагаагаа хэрхэн ажил хэрэг болгосон бэ?  

-Хүн ямар нэг санаа олоод түүнийгээ бодоод л, гүнзгийрүүлээд уншаад, судлаад байхаар заавал нэг гарц олддог л гэдэг дээ. Яг юу хийхээ эхлээд сайн мэдэхгүй байсан. Судлаад үзэхээр нэг үеийг бодвол хүмүүс хүнсэндээ анхаардаг болсон байна. Мөнгөө ухаалгаар зарцуулж сурч байна. Хүнсэндээ ямар гарал үүсэлтэй, ямар бүтээгдэхүүн хэрэглэх, энэ нь хүнсний аюулгүй байдлыг хангах эсэх, цаашлаад биед хэрэгтэй юу, үгүй юу гээд анхаардаг болжээ гэж харсан. Энэ бол хэрэглэгчдийн хэрэгцээ юм байна гэж мэдэрсэн. Тэгээд л өөрөөсөө асуусан. Ийм хэрэгцээ байна, ийм зах зээл байгаа юм бол би юу хийж чадах вэ, яг энэ хэрэгцээг хангахад миний өөрийн хамгийн сайн мэдэх, хамгийн сайн чадах зүйл юу байдаг билээ гэж хэд хоног л бодож байгаад эцэст нь төслийн санаагаа олсон гэх үү дээ. Хамгийн анх фитнес клубт явж байгаа хэрэглэгчдийн хэрэгцээ юм байна гэж бодож байтал энэ маань нийт хүн амын хэрэгцээ байсан.

Тэгж байтал ХХҮГ-аас “Старт ап” төслийн шалгаруулалт болно гэж зарлагдаад түүнд оролцож, төсөл маань дэмжигдсэн.

Буцалтгүй 10,0 сая төгрөгийн дэмжлэг авчихаад энэ ажлаа эхлэхээр хичээж эхэлсэн дээ.



-Эрүүл хоол, эрүүл, аюулгүй хүнс гэхээр танайх хэрэглэгчдэдээ ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?

-Төслийн хүрээнд эхлээд сав баглаа боодол, орц найрлага нь хугацаа уртасгагч, химийн найрлага гэх мэт зүйлсгүй, хоолыг орлох, органик байх ёстой гэсэн үнэт зүйлд суурилан 3  төрлийн смүүти, мөн эрүүлжүүлэх ундаа хийх, цаашлаад хөгжлийн төлөвлөгөө маань 1,5 жилийн дараа “HEALTHY CAFE” нээнэ гэсэн төлөвлөгөөг танилцуулсан.

Төслийн шалгаруулалтын үеэр шүүгч нартаа амталгаа хийлгэж, туршилт хийгээд 1 сар орчим хугацаанд сайжруулалт хийж, 2 дахь шалгаруулалт дээрээ сав баглаа болон бүтээгдэхүүний төрлөө нэмж төслөө сайжруулан танилцуулж, дэмжигдсэн. Аймагтаа бол анхдагч санаа. Эрүүл хооллолтын кафе гэхээр улсдаа ч олон байдаггүй. Би Улаанбаатар ороод таарсан газраа хооллох гэхээр санаанд нийцэх, өөх тос нь таарсан хоол олох гэж нэлээд цаг үрдэг. Бас үнийн хувьд өндөр байдаг.

Тиймээс манай бүтээгдэхүүний үнэ боломжийн. Одоогоор үйл ажиллагаа маань эхлээд удаагүй. 10 орчим л хонож байна. Энэ хугацаанд 10 төрлийн эрүүл тэнцвэртэй хоолны цэс гаргасан. Тэр нь нүүрс ус, уураг, тос гэх мэт биед авах шим тэжээлүүд бүгдийг оруулах зорилготой гэсэн үг. Мөн 3 төрлийн шинэ, жимс, ногооноос гарган бэлтгэж байгаа Orange, green, purple смүүти, гурилгүй пицца, нэрийн салат /7 төрлийн орцыг нэг дор оруулсан/ бүхэл үрийн гурилтай хоолуудыг нэрийн бүтээгдэхүүнээ болгон гаргаж байна. Мэдээж хажуугаар нь олон төрлийн цай, кофе, шэйк, амттангууд байгаа.





-Танай кафе, эко дэлгүүр их өвөрмөц, шинэлэг санаагаар дүүрэн юм. Эх орондоо үйлдвэрлэж буй савангаас эхлээд бүх бүтээгдэхүүн нь эко, хүний зөв хэрэглээ юм байна гэж бодож сууна?

- Манайх “Бага баян хайрхан” ХХК. “Шонхор” фитнес клуб болон “Уудам эко хаус” үйл ажиллагаагаа явуулдаг. “Уудам эко хаус” маань дотроо био дэлгүүр, эрүүл хооллолтын кафетай болж байгаа.

Эрүүл хоол маань хүмүүс шууд болон авч яваад идэх, захиалаад хүргүүлэх боломжтой. Эко хулсан саванд савлаж тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, мөн байгальдаа ч ээлтэй, байгальдаа уусдаг сав баглаатай. Одоохондоо кафедаа болон фитнесийнхээ фит кафед хоолоороо үйлчилж байгаа. Цаашид томоохон дэлгүүр, түргэн хоолны газруудад ч тавих төлөвлөгөөтэй байна.

Хүн төрөлхтөн одоо хуванцар савнаас татгалзаж байна. Энэ нь эрүүл мэндэд ашиг тустайгаас гадна байгальдаа ээлтэй. Тиймээс л эко юм бүхнийг нутгийнхаа ард иргэдэд хэрэглээ болгохсон гэж зорьдог доо. Байгаль эх дэлхийгээ, өөрийнхөө эрүүл мэндийг бодох цаг үе ирж байгаа гэж ойлгодог. Тиймээс бид хоёрын фитнес, “Уудам эко хаус”, “HEALTHY CAFE” гурав маань бие биеэ дэмжиж байгаа, хүмүүст, байгальд ашиг тустай тийм л бизнес дээ.


No description available.

-Бэрхшээл байгаа л байх, та хоёр залуу хүмүүс болохоор бэрхшээлийг зөв талаас нь харж чаддаг шиг санагдсан шүү?

- “Старт апп”-т ороод дэмжигдээгүй бол магадгүй энэ ажлыг энэ цаг хугацаанд эхлүүлж чадахгүй байсан байх. Яагаад гэвэл эрүүл, эко гэсэн бизнес хэдийгээр нэр хүндтэй ч ашгийн хувьд “бага” бизнес. Фитнес ч тэр, манай эко дэлгүүр ч тэр. Байраа түрээсэлдэг болохоор мэдээж ашиг бага. Гэхдээ хийж байгаа ажил маань өөрөө сайхан энергитэй, нийгэмд эерэг, зөв, үр өгөөжтэй учир бид хоёр энэ бизнестээ хайртай, бизнесээ хайрладаг. Хэдийгээр бэрхшээл байлаа ч цаашид эрүүл, эко гэсэн хэв маяг, үнэт зүйлсээсээ хазайхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байх болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Энэ тухайд хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангадаг туршлагаас хуваалцаач?

-Тийм ээ, энэ бол маш чухал асуудал. Дээр хэлсэн дээ, хүмүүс одоо харьцангуй хоол хүнснийхээ аюулгүй байдалд анхаардаг болж байна гэж. Би өөрөө хүнсээ авахдаа үнийг нь харахаас илүү орц нь юу байна, транс “fat” байна уу, хаанахын бүтээгдэхүүн байна, хугацаа, савлагаа гэх мэт зүйлсийг ихэд хардаг юм.

Тйимдээ ч гаргаж байгаа хоол хүнсэндээ байнга анхаарч, ажилчдадаа ч байнга хэлж зөвлөж хамтарч ажиллаж байгаа. Тиймээс хоол хүнсэнд орж байгаа бүх орц, мэдээллээ пэйж хуудсаараа байнга нээлттэй оруулдаг.


No description available.

-Бизнесээс гадна нийгмийн олон ажлыг санаачлан зохион байгуулдаг. Хамгийн сүүлд нийгмийн ямар үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бэ?

-Би томоохон баяр ёслол болохоор “Dundgovi Positive women”гээд группээрээ дамжуулаад сайн үйлсийн аяныг өрнүүлдэг. Манай группт байдаг хүмүүс нь мэдэх байх. Тухайлбал, ковидын үед группээрээ аян өрнүүлээд 2 хүний зээлийг дарж өгч байсан, тэгээд төрсөн өдрөөрөө “Монгол хүн байна даа” аяныг санаачилсан найзуудтайгаа хамтран “I love Mandalgovi” самбар, Цэнгэлдэх хүрээлэнгийн бүжгийн талбайг засварлах зэрэг жижиг жижиг ажлуудыг иргэдийнхээ дэмжлэгтэйгээр хийсэн.

Хамгийн сүүлд цагаан сараар нэг эмээг баярлуулсан. Манай аймагт саван хийдэг, давсаар бүтээгдэхүүн хийдэг гэх мэт эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бизнесүүд байгаа. Тэд нарынхаа бүтээгдэхүүнийг мөн дэлгүүрээрээ зарж, борлуулдаг. Бид дэм дэмэндээ л хөгжинө шүү дээ. Цаашдаа ч нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!




Холбоотой мэдээ