ОХУ болон Турк эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-04 13:54:36

ХАНЖОУ. /Reuters/. ОХУ болон Туркийн төрийн тэргүүн нар эрчим хүчний хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.

2015 оны 11 дүгээр сарын 24-нд Сиритэй залгаа хилийн ойролцоо нисч явсан Оросын цэргийн нисэх онгоцыг Туркийн тал агаарын хилийг нь зөрчсөн гэж үзэн сөнөөгч онгоцноос пуужингаар харван унагааснаас хойш хоёр талын харилцаа хөрөөд байсан билээ.

Владимир Путин болон Режеп Тайип Эрдоган нар бямба гарагт Хятад улсын Ханжоу хотод уулзжээ. Тэд аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудын “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор тус хотод очоод байгаа юм. Хоёр улсын удирдагчид сүүлд наймдугаар сард Санкт-Петербург хотод уулзсан билээ.

Хэлэлцээний эхэнд, Оросоос Турк руу хийх захиалгат нислэгийг сэргээсэнтэй холбогдуулан Путинд Эрдоган талархлаа илэрхийлжээ.  Онгоцыг харван унагаасны хариуд Москва Турк руу захиалгат нислэг хийхийг хориглосноос гадна тус улсын эсрэг олон тооны хориг арга хэмжээ авсан юм.

Дараа нь Эрдоган эрчим хүчний салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг Путинд  уриалжээ.

Туркээр дамжуулан Оросоос Европ руу байгалийн хий илгээх төслийг мөн 11 дүгээр сарын хэргийн улмаас хоёр улс түдгэлзүүлсэн юм.

Харин Путин хэлэхдээ “бүх салбарт хоёр талын хамтын ажиллагааг бүрэн сэргээхээс өмнө хийх ажил их байна” гэжээ.

Хоёр улсын удирдагчид мөн терроризмтой тэмцэх арга замуудыг хэлэлцсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ