ЗАВХАН: Хөгжлийн бодлогод нэмэлт өөрчлөлт оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-27 11:45:19

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн төрийн албан хаагчид Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг орон нутагт зөв чиглүүлж хэрэгжүүлэх, тайлагнах төлөвлөх арга зүйд суралцлаа.

"Орон нутгийн бодлого ба хөгжил" сургалтад аймгийн ИТХ-ын ажлын алба болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд, сургалтыг Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх удирдан явууллаа. Төрийн албан хаагчид, шийдвэр гаргах түвшний удирдлагуудад төрийн бодлогын үр дүнд суурилсан төлөвлөлт, тайлагналтыг эзэмшүүлэх зорилготой юм.

Оролцогчид, энэхүү сургалтаас олж авсан мэдлэг, ур чадварынхаа хүрээнд аймгийн бодлогын баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулан аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулах юм. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй. Зөв удирдахын тулд үнэн буюу зөв төлөвлөлтийг хийх учиртай. Зөв төлөвлөлтөөс үр дүнтэй хэрэгжилт, хариуцлагатай тайлагналыг бий болгоно. Тиймээс хоёр өдрийн сургалтын үр дүн Завхан аймгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгагдана гэж үзэж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид нийцүүлсэн орон нутгийн дунд хугацааны болон жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн оновчтойгоор боловсруулан төлөвлөх. Үр дүнтэй хэрэгжүүлэх, тайлагнах, хянаж-үнэлэх арга зүйг энэ сургалтаар олгож байна.

Завхан аймгийн тухайд, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх бодлоготой уялдуулан, аймгийнхаа бодлогын баримт бичгийг төлөвлөж байгаа аж.



Монгол Улс төрийн бүтээмжийг сайжруулахын тулд цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулахаар тусгасан. Тэгвэл Завхан аймгийн хувьд, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, хамтран гүйцэтгэх ажлыг 2022 оноос эрчимтэй хийж байна. 


Холбоотой мэдээ