БНАСАУ дахин хоёр пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-27 08:02:35

ПЁНЬЯН. /Kyodo/. “БНАСАУ өнөө өглөө баллистик байх магадлалтай хоёр пуужин харвалаа. Тэдгээрийг Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна далайд унасан хэмээн үзэж байна” гэж Японы Засгийн газар мэдэгдэв.


Одоогоор нисэх онгоц болон усан онгоцонд ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. БНАСАУ Япон тэнгис рүү дор хаяж нэг пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мөн мэдээлжээ.


БНСУ, АНУ цэргийн хамтарсан сургуулилалтууд хийж, 11 хоног үргэлжилсэн “Freedom Shield сургуулиа өнгөрсөн пүрэв гарагт дуусгаад байгаа үед дээрх туршилтыг хийжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хугацаан дахь анхны томоохон хаврын цэргийн сургуулилалт байв.


Өнгөрсөн баасан гарагт БНАСАУ хоёр өдрийн өмнө хоёр өөр төрлийн дөрвөн далавчит пуужин туршсан гэж мэдэгдсэн бөгөөд удирдагч Ким Жөн Ун Сөүл, Вашингтоныг БНАСАУ-ын эсрэг “бодлогогүй” дайны сургуулилалтаа зогсоохыг анхааруулсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


Мөн Пёньян өнгөрсөн долоо хоногийн эхээр усан доор цөмийн цэнэгт хошууг дэлбэлж, дайсны хөлөг онгоцууд болон боомтыг устгах цацраг идэвхт цунами үүсгэх шумбагч дрон туршсан талаар төрийн мэдлийн хэвлэл мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ