АРХАНГАЙ: Ч.Отгонбаатар: Ус бохирдуулагч гэж усыг хэрэглэж, ашиглаж байгаа хүн бүр орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-22 12:32:56

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Орхон-Чулуут голын сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатартай ярилцлаа.


-Орхон-Чулуут голын сав газын захиргаанд хэчнээн ай сав хамаарагддаг вэ?

-Орхон гол Хангайн нуруунаас эх авч 1162 км урсаад Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Орхон гол нийт найман аймгийн 69 сумын нутгаар урсдаг. Чулуут гол мөн Хангайн нуруунаас эх авч, дөрвөн аймгийн 17 сумаар 400 гаруй км урсаж, Эгийн гол, Эгийн голоос Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Өөрөөр хэлбэл, Орхон, Чулуут гол нь Байгаль нуурыг тэжээдэг томоохон гол мөрнүүдийн нэг.


-Усны өдрийг угтсан томоохон нөлөөллийн ажлуудаас дурдвал?

-НҮБ-аас 1992 оноос эхлэн жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг усны өдөр болгон тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг тэмдэглэхдээ жил бүр ямар нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил өөрчлөлтийг хурдасгая гэсэн уриатай тэмдэглэнэ. Энэ өдрийг угтаж олон ажлыг төлөвлөн хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил усны өдрийг “Цэнхэр алт” уриатай чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


Усны өдрийг угтсан нэг сарын аяныг явуулсан. Хүүхдүүдийг аль болох багаас нь усаа хайрлах, гамнах, хэмнэх ханддлагыг төлөвшүүлэх үүднээс сургууль, цэцэрлэгийн байгууллагуудаар нөлөөллийн ажлууд хийсэн. Мөн усыг бохирдлоос хэрхэн сэргийлэх тухай ажлууд хийж эхэлсэн. Бид Өгий нуураас эхлээд томоохон аялал жуулчлалын бүсүүдэд байгаа нүхэн жорлон, хогийн цэгүүдийг устгах, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. Нүхэн жорлонг буулгалаа, дараагийн гаргалгаа нь юу юм бэ гэж хүмүүс асуугаад байдаг. Сүүлийн жилүүдэд маш их яригдаж байгаа ажил шүү дээ. Стандартын нүхэн жорлонгийн хэд хэдэн хувилбарууд бий. Түүнийг хийж, барьж өгч байгаа ААН, иргэд ч олон болсон. Дараа нь Цэнхэрийн халуун ус, Тайхар чулуу, Чулуутын хавцал орчим, Тэрхийн цагаан нуур гээд гол аялал жуулчлалын бүсүүдийг эхний ээлжинд нүхэн жорлонгүй болгоё гэж зориод, ажиллаад явж байна. Архангай аймаг байгуулагдаад түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Нүхэн жорлонгоосоо салаагүй, аялал жуулчлалын тухай яривал утгагүй шүү дээ. Энэ ажил бол маш энгийн юм.


-Усны бохирдлыг хэрхэн багасгах вэ?

-Хөрсний бохирдол нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн бий болдог. Уул уурхай, аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй зэрэг салбаруудын зохисгүй ашиглалтаас болж хөрс бохирдож байна. Хөрсөөр дамжин газрын доорх ус бохирдох, хомсдох нөхцөл бүрддэг. Хөрсний бохирдлыг хэрхэн буулгах вэ гэхээр хүний өөрийнх нь оролцоо, сэтгэл хандлагаас маш их хамаарна. Байгаль орчиндоо аль болох зүй зохистой хандаж, түүнийг хамгаалах хайрлах хэрэгтэй. Жишээ нь Өгий нуурыг тойроод 30 орчим мянган мал бий. Энэ мал Өгий нуурыг бохирдуулж байгаа нэг том хүчин зүйл. Малын ялгадсаас үүдэлтэйгээр Өгий нуурын ус органик бохирдолд өртсөн.

Манайхан төдийлөн анхаарч мэддэггүй. Дулааны улиралд малчид гол усаа дагаад зусдаг. Ингэхдээ мал өдөржин голын усанд өнждөг. Үүнээс болоод малын хөл, ялгадсаар голын ус маш их бохирддог. Өөрсдийн уух усаа мал орохоос өмнө авчихдаг. Бусад үед нь тухайн гол горхи, булаг шанд бохирдож байгаа эсэхийг төдийлөн анхаардаггүй. Ийм учраас экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, нуур цөөрөм, гол горхи, булаг шанд руу аль болох мал бага оруулах арга хэмжээ авах нь зүйтэй.

Ер нь улам бүр өөрчлөгдөж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний 70 хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдгийг эрдэмтэд судлаачид хэлээд байгаа. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа учраас яаж дасан зохицох вэ гэдэг асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байна. Сайн жишээ бол бий. Ганга нуур одоогоос хэдэн жилийн өмнө бараг л усгүй болж байлаа. Үүнийг БОАЖ-ын салбарынхан анхааралдаа аваад Ганга нуурыг тойруулж хашаа барьсан. Ингэснээр малын хөлийн талхлагдалтаас хамгаалж, улмаар Ганга нуурын усны түвшин нэмэгдэж, сэргэсэн байгаа.


-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт аймагт ямар байдаг вэ?

-Ус бохирдуулагч гэж усыг хэрэглэж, ашиглаж байгаа хүн бүр орно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс олон ажлыг хийж байна. Сав газрын хэмжээнд хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хаягдал усны дүгнэлт гаргаж байна. Өнгөрсөн онд сав газрын хэмжээнд 478 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хаягдал усны дүгнэлт гаргасан. Үүнээс 10 орчим сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Иргэд усыг ашиглаад, хэрэглээд бохирдуулаад хаяж байгаа шүү гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Энэ хуулийн гол зарчим бол бохирдуулагч нь төлөгч байна, ашиглагч нь хамгаалагч байна гэсэн байдаг. Харин бохирдуулсан усаа цэвэршүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр стандартын шаардлагад хүртэл цэвэршүүлээд байгальд нийлүүлж байгаа иргэн, ААНБ-ыг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөхөөр хуульд тусгасан. Та хэдий их хэмжээгээр бохирдуулна тэр хэмжээгээр нөхөн төлбөр төлнө гэсэн үг л дээ.


-Аймагт саарал ус ашиглах боломж хэр байдаг вэ?

-Эхлээд саарал ус гэдэг ойлголтоо цэгцлэх хэрэгтэй. Саарал ус гэдэг нь ахуйн хэрэглээнээс гарсан угаалга цэвэрлэгээнээс гарсан усыг хэлдэг. Одоогоор саарал ус ашиглаж байгаа туршлага, арга хэлбэр алга байна. Цэвэр усыг манайхан үнэндээ хайр, гамгүй хэрэглэж байгаа. Архангай аймагт нэлээд хэдэн авто угаалгын газар бий. Бүгд гүний худаг болон цэвэр усны шугамаас усаа авч машин угааж байна. Бид хяналт тавья гэхээр “төр биднийг дарамталж байна” гэдэг өнцгөөр ханддаг. Гэвч ус өөрөө стратегийн нөөц гэж юм. БОАЖ-ын сайд саяхан машин угаалгын газруудыг саарал ус ашиглахыг мэдэгдсэн. Үүнийг бас орон нутагтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Бохирдуулсан усаа цэвэршүүлээд буцаагаад машин угаадаг ямар технологи байдаг юм, тэрийг нь судлаад нэвтрүүлэх чиглэлд хандана. Олон газар байна. Тэгэхгүй бол манайхан  дараагийн гарц гаргалгааг төрөөс хүлээгээд байдаг шүү дээ.


-Өгий нуурын усны түвшнийг нэмэгдүүлэх ажил одоогоос хэдэн жилийн өмнө эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-УИХ-ын гишүүд санаачлан, хөрөнгө тавиулж, ажлыг эхлүүлсэн. Хараахан дуусаагүй байгаа. Үндсэн ажил нь Өгий нуурын усны түвшнийг нэмэгдүүлэхийн тулд Өгий нуурын үндсэн цутгал Хөгшин Орхон голын урсцыг нэмэгдүүлэх юм. Үүний тулд Орхон голоос Хөгшин Орхон гол руу урсцын тохируулгатай суваг, шуудуу татах юм. Энэ ажил нь зөвхөн суваг татах бус багц ажил бий. Дараагийн нэг ажил нь Өгий нуурыг тойруулж, хамгаалалтын зурвас татах ажил нь 80 орчим хувьтай. Аялагчид машинаа бүсийн гадна паркалж тавьдаг, машин нэвтрүүлэхгүй байх ажлыг хийж байна. Дараагийн хийсэн ажил нь Өгий нуурыг тойруулан бэлчээр, унд ахуйн зориулалттай гурван худаг гаргасан. Хэвийн ажиллаж байгаа. Энэ багц ажлууд дуусчихвал Өгий нуурын усны түвшин нэмэгдэх юм.


-Аялал жуулчлалын бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдээс ус ашигласны төлбөр авдаг. Эргээд юунд зарцуулдаг вэ?

-Манай сав газрын захиргаа өнгөрсөн онд зөвхөн рашаан ашиглагч 20 орчим аж ахуйн нэгжид ус, рашаан ашиглах дүгнэлт гаргаж, 5 аж ахуйн нэгжтэй ус ашиглах гэрээ байгуулсан. Архангай аймгийн хэмжээнд 2022 онд ус, рашаан ашигласны төлбөрт 140 орчим сая төгрөгийг орон нутагт оруулсан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын 35ас доошгүй хувийг ус рашааны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт мониторинг хийх ажилд зарцуулна гэж заасан байдаг. Энэ заалт сүүлийн хэдэн жил хангалтгүй байгаа. Рашаан ашигласны төлбөр гэхэд л зөвхөн сумандаа ордог. Рашааны ашигласны төлбөрт Цэнхэр сум 40 орчим сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлж байна. Энэ орлого төсвийн цоорхой нөхөх маягаар л явж байна. Ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын зарцуулах журамд 2022 оны 2 дугаар тогтоолоор өөрчлөлт орсноор хамгаалах, нөхөн сэргээх ажилд орлогын 35-аас доошгүй хувийг зарцуулна. Энэ заалтыг хэрэгжүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцдог болсон. Сумдын удирдлагууд энэ ажилд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Энэ талаар аймаг, сумын удирдлагуудад мэдээлэл өгөөд явж байна.


-Аймгийн хүн ам ундны усаа гүний уснаас авдаг уу, гадаргын ус уу? Хэр нөөцтэй вэ?

-Архангайн хувьд аймгийн төв, сумын төвийн хүн амын унд, ахуйн усны эх үүсвэр нь газрын доорх усаар хангагдаж байна. Хөдөөгийн малчдын хувьд газрын доорх болон гадаргын усыг ашиглаж байна. Булаг шанд, нуур тойром гол горхи, худгийн усыг унд ахуйдаа ашиглаж байна. Архангай аймгийн хувьд гадаргын усны сүлжээ элбэгтэй. Гадаргын ус газрын доорх ус нь харилцан бие биенээ тэжээж байдаг зүй тогтолтой. Усны нөөцийг эрэл хайгуул судалгааны ажлын үндсэн дээр тогтоодог бөгөөд сум, суурин газруудын хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэдэг.

Усны нөөц нь БОАЖЯ-ны нөөцийн зөвлөлөөр баталгааждаг. Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн хэмжээнд газрын доорх усны хайгуул судалгааны ажил хийгдээгүй. 2022 онд Архангай аймгийн хэмжээнд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн 52 худгийн усанд чанарын иж бүрэн шинжилгээг Газар зүй геоэкологийн хүрээлэнд хийсэн. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр тухайн эх үүсвэр бүр дээр зөвлөмж хүргүүлсэн байгаа. Аймгийн хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул судалгааны ажлыг хийх, шинэ нөөц тогтоох зайлшгүй шаардлагатай.


-Ундны усны онцгой объектын хамгаалалтын бүсийг яаж тогтоодог вэ? Манай аймагт ундны усны байгууламжийн дэргэд барилга барих гэж оролдсон шүү дээ?

-Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоодог. Хууль, тогтоомжид заасны дагуу онцгой хамгаалалтын бүс нь усны сан бүхий газрын эргээс 50 метрээс багагүй зайд байна. Энгийн хамгаалалтын бүс 200 метрээс багагүй зайд, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг төвлөрсөн болон төвлөрсөн бус эх үүсвэрт 50-100м-ээс доошгүй зайд, эрүүл ахуйн хориглолтын бүсийг 500м-ээс багагүй зайд тогтооно.

Цэцэрлэг хотын хүн амын ус хангамжийн төвлөрсөн эх үүсвэр нь Таруугийн голын эрэг дээр 3 худаг байдаг. Цэцэрлэг хотын төвийн 2 дугаар багийн нутагт орших 2-р станц нь төвлөрсөн бус эх үүсвэр бөгөөд 2 худаг байна. Эдгээр эх үүсвэрүүдийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг БОАЖ-ын сайд, БХБ-ын сайдын 2015 оны 120/237 тушаалаар баталсан “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм мөрдөх журам”-д заасны дагуу ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоох, дэглэмийг мөрдүүлэх талаар "Ар-Ус Ундарга" ХХК-д үүрэг чиглэл өгсөн.

Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барихыг хориглодог. Зөвхөн ус татах цуглуулах, түгээх, дамжуулах барилга байгууламж барихыг зөвшөөрдөг. Архангай аймгийн хэмжээнд 2019 оноос хойш усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоох хээрийн хэмжилт судалгааны ажлыг хийсэн. Бүс тогтоох орон нутгийн шийдвэрийг гаргахад суурин боловсруулалтын ажлыг нарийвчлан хийх, ялангуяа хамгаалалтын бүсэд байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын асуудал хөндөгдөх тул ул суурьтай нарийвчилсан судалгаа хийх шаардлага гарч ирсэн. Наад захын жишээ гэхэд айлын өвөлжөө, хаваржааны газрууд голын онцгой хамгаалалтын бүсэд байх жишээтэй. Энэ жилдээ багтааж аймгийн ИТХ-д өргөн барина. Аймгийн ИТХ-аар баталчихвал бид Хууль зүйн яам руу явуулж, баталгаажуулж улмаар олон нийтээр дагаж мөрдөх журам болж батлагдана. Ингэснээр усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй холбоотой элдэв маргаан гарахгүй болно. Бид хэрэгжүүлнэ.


-Гол усны тооллогын давтамж ямар байдаг вэ? Манай аймагт хэдэн гол, нуур, булаг шанд байдаг вэ?

-Усны тооллогыг усны тухай хуульд жил бүр орон нутгийн байгууллагатай хамтран хийнэ гэж заасан байдаг. Архангай аймгийн хэмжээнд 2019 оноос хойш усны тоо бүртгэлийн ажил хийгдээгүй. 2019 оны усны тоо бүртгэлийн дүнгээр 99 булаг, 559 горхи, 129 нуур, 16 усны орд газартай байна. Мөн 1790 ширхэг худаг, 18 усны цооног, 25 рашаан тоологдсон байна. Жил бүр орж байгаа хур тундасны хэмжээтэй холбоотойгоор гадаргын усны тоо хэмжээ, төлөв байдал өөрчлөгдөж байдаг. Бид зөвхөн тоо бүртгэл гаргах биш хамгаалах нөхөн сэргээх ажлаа хэрхэн төлөвлөх, орон нутагт усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тоо бүртгэлийн дүн мэдээг үндэслэн зөвлөмжийг хүргүүлж ажилладаг.

2020-2022 онд усны тоо бүртгэл Архангай аймгийн хэмжээнд огт хийгдээгүй. Тоо бүртгэлийн ажлын үр дүнд наад зах нь хашиж хамгаалах шаардлагатай булаг шандын судалгаа, засварлах шаардлагатай худаг, шинээр гаргах шаардлагатай худаг, ус хангамжийн эх үүсвэрт ашиглагдаж байгаа худгийн усны чанарын үзүүлэлтүүд зэрэг маш олон чухал мэдээллүүдийг цуглуулж, сав газрын усны мэдээллийн санд оруулдаг. Маш олон ашиглалтгүй болсон, дур мэдэн зөвшөөрөлгүй гаргасан худгууд усны тоо бүртгэлийн явцад илэрдэг.


-Аймгийн хэмжээнд усны салбарт ажиллаж байгаа боловсон хүчний нөөц хэр байдаг вэ?

-Ер нь усны салбарын, гидрологи, гидрогеологи, гидротехник, усны нөөц, экологи гээд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг. Манай сав газрын тухайд мэргэжлийн, залуу ажилтнуудаар багаа бүрдүүлээд ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ