ДОРНОГОВЬ: “Соёл түгсэн Алтан говь” хүндэтгэл хүртсэн нь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зуунд өрнөсөн Дорноговь аймгийн хөгжил дэвшилтэй холбоотой зарим үйл явдлаас хүргэж байна.
Улс даяар соёлын довтолгоон явуулах төр засгийн тогтоол шийдвэрийг хүлээж авах тухай Сайншанд хотын хедөлмөрчдийн цуглаан 1959 онд болжээ. Сайншанд хот цаашид иргэншин хөгжих, суурин соёлын хэв маягт шилжих томоохон үйл явц энэ цаг үеэс эхэлсэн гэж хэлж болох юм.
1967 оноос эхлэн гурван жилийн турш аймаг нийтээрээ бэлтгэсэн соёлжилтын ажлын үр дүнг дүгнэх томоохон “шалгалт” 1969 оны сүүлчээр Сайншанд хотод сүр дуулиантай болжээ. Тухайн цаг үед Сайншанд хотын АДХГЗ-ны даргаар ажиллаж байсан Зулын Ваанчиг нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэж байсан төдийгүй 1972 онд явуулсан иргэний хамгаалалтын иж бүрэн үзлэгээр Сайншанд хотоо улсад I байрт шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай юм.
Соёлжилтын ажлын үр дүнг шалгах ажил төв байгууллагаас томилсон цөөн тооны хэдэн хүнээр хязгаарлагдсангүй. БНМАУ-ын Ардын боловсролын яам, Соёлын яам, Эрүүлийг хамгаалах яам, Худалдаа бэлтгэлийн яам, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороо, Үйлдвэр хоршооллын төв зөвлөл, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Төв зөвлөл зэрэг томоохон байгууллагаас тохоон томилогдсон бүрэлдэхүүн бүхий өргөн фронт Сайншандад ирж ажлыг ёстой л шалгах шиг болов.
Соёлжилтын үзлэгийн дүнгийн хурал дээр Монголын Эмэгтэйчүүдийн хорооны дарга С.Удвал хэлсэн үгэндээ “Аймгийн хөдөлмөрчдөөс соёлжилтын үзлэгт бэлтгэж зохиосон ажил, олсон амжилтыг улсын комисс хангалттай гэж дүгнэлээ.
Эх орны өмнө хязгаарын уудам говьд Оцол сансар, Хорго баянгийн уул хэвээрээ оршин харагдавч, энэ өргөн уудам нутагт оршин суугч их говийн зоригтнууд гэж алдаршсан ард түмний амьдрал ахуйд нэг ёсны хувьсгальт шинэ алхам бий болж, бүтээн байгуулалтынхаа их үйлст шинэ амжилт олсоор байна” гэжээ. Эл үзлэгээр соёлч байгууллага 20 гаруй, соёлч өрхийн гэрчилгээг 200 гаруй айл өрх авч байв.
Соёлжилтын ажлыг дүгнэх Улсын комиссоос Дорноговь аймгийг
үзлэгт жигд сайн бэлтгэсний учир “Соёл түгсэн алтан говь” хэмээх үнэлэлт
өгч, комиссын дарга С.Удвал говийнхны амжилтын тухай “Үнэн” сонинд томоохон
нийтлэл бичиж хэвлүүлснээр аймгийн нийт хөдөлмөрчдийн идэвхийг өрнүүлсэн үйл
явдал болжээ.