Япон Улсын Засгийн газрын тусламжаар Архангай аймгийн Жаргалант сумын сургуулийг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-14 08:25:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар энэ сарын 13-нд гарын үсэг зурав.


Төслийн хүрээнд Жаргалант сумын ЕБС-ийн Б байр болон биеийн тамирын зааланд их засварын ажил хийх юм.  

2000 онд ашиглалтад орсон тус сургуулийн Б байр болон биеийн тамирын заал нь олон жилийн ашиглалтын явцад дээврээс дусаал гоожих, хуучирч муудсан дулааны шугам доголдохын зэрэгцээ цонхны хүрээгээр хүйтэн агаар орж, анги танхимын дулаан ихээр алдагддаг. Түүнээс гадна биеийн тамирын заалны цонх хагарч цуурсан, цахилгаан шугамын гэмтэл зэргээс үүдэн Мэргэжлийн хяналтын газар 2021 оноос ашиглалтыг зогсоох хүртэл нөхцөлд хүрч, сурагчдын эрүүл ахуй, аюулгүй байдалд хүндрэл үүсээд байна. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн багш, сурагчид аюулгүй орчинд суралцах боломж бүрдэнэ гэдэгт найдаж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши илэрхийлэв.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос хойш 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн 592 дахьАрхангай аймагт хэрэгжүүлэх 21 дэх төсөл болж байгаа юм.


Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 223.672 ам.доллар буюу 758.052.001 орчим төгрөг юм.


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүрэг гүйцэтгэдэг.


Холбоотой мэдээ