БАЯН-ӨЛГИЙ: Зам, тээврийн ноцтой осол гарч, 3 хүн амиа алдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө 12.00 цагийн орчимд Daewoo маркийн том оврын ачааны машин онхолдсоны улмаас 3 хүн амиа алдлаа.
Тухайн ачааны машин нь Улаанбаатар хотоос ачаа тээвэрлэж ирсэн ба Шар нуурын даваанаас гарч, аймгийн төв орохоор даваанаас уруудах явцдаа жолоодлого алджээ. Улмаар хотын төв рүү 2 км орчим орж, "Дэлүүн" зоогийн газрыг мөргөж унасан байна.
Аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр, ослын улмаас 3 хүн нас барж, нэг хүн биеийн байдал нь хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.
Аймгийн Онцгой байдлын газар "Онцгой байдлын байгууллага ослын тухай дуудлагыг 12.37 цагт хүлээж авсан. Дуудлагын дагуу алба хаагчид очиход 150 ам метр талбайтай объект бүхэлдээ нурсан байдалтай байсан ба 3 иргэн дарагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллага болон иргэд өгсөн. Үүний дагуу 15 метр урт хонгил гаргаж бэхэлгээ хийн аврах ажиллагаа явуулсан. Эхний нэрвэгдэгч 40 настай эрэгтэй С-г 04.00 цагт, хоёр дахь хүн болох 37 настай эмэгтэй А-г 04.30 цагт, харин гурав дахь хүнийг 04.45 цагт байшингийн дээврийг цоолж гаргаж авч, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн" гэдэг мэдээллийг өгөв.
Зам, тээврийн осол болсон газрыг цагдаа, онцгой байдлын алба хаагчид хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Ташрамд сануулахад, 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 50 тонн цемент ачсан Nord Benz маркийн автомашин Ховд аймгаас Өлгий хот орохоор Шар нуурын
даваанаас уруудаж явахдаа жолоодлого алдаж, дээрх зоогийн газрын сууринд байсан
дэлгүүрийг мөргөн онхолдсоны улмаас 7 хүн амиа алдаж байсан юм.