Х.Клинтоны и-мэйлийг хакердсан этгээдэд 52 сарын хорих ял оноов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-02 10:47:56

ВАШИНГТОН./Anadolu/.АНУ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудын компьютерт халдсан Румыны зартай хакерчинд дөрөв жил гаруй хугацаагаар шоронд хорих ял оноожээ.

"Гуссифер" гэх онлайн нэрээрээ танигдсан, өдгөө 44 настай Марсель Лазарыг хамгаалалттай компьютер руу хууль бусаар нэвтэрсэн, улмаар нэвтрэх нууц үг хулгайлсан хэрэгт буруутай гэж үзэн 52 сарын хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр энэ оны тавдугаар сард гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

АНУ-ын Хуульзүйн яам мэдэгдэхдээ “нийгмийн сүлжээ болон Америкийн 100 орчим иргэний и-мэйл хаягийг хакердсан гэдгээ Лазар хүлээсэн" гэв.

Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл болон Жорж Бушийн гэр бүлийнхнийг онилсон хакерын хэргээр Лазарыг 2014 онд Румынд баривчилж байсан бөгөөд түүнийг 2016 оны гуравдугаар сард АНУ-д шилжүүлэн өгчээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны зөвлөхийн компьютерыг тэрбээр хакердсанаар Хиллари төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үедээ  хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсныг нийтэд дэлгэж шуугиан тарьсан билээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ