ДОРНОГОВЬ:Таван мянган буйлтай малчин

ӨВ СОЁЛ
erdenebulgan@montsame.mn
2023-03-07 15:40:37

Эрдэнэ /МОНЦАМЭ/. Олон мянганы тэртээ нүүдэлчид таван хошуу малаа гаршуулж амьдралынхаа нэгээхэн  хэсэг болгосон байдаг. Энэ нь цаг хугацааны явцад өв соёл  болтлоо түгэн дэлгэрсэн  юм.  

Говь нутагт тэмээ гэх тэнүүн сайхан амьтан бий. Говийн малчид тэмээгээ гаршуулж, эдэлгээ уналгад хэрэглэн, байгаль цаг агаарын онцлогт тохируулан ашигласаар  ирсэн. Нүүдлийн мал аж ахуйн дундаас буй болсон өв соёлын нэг нь тэмээний буйл урлах. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Г.Хүрэл-Ухна  өөрөө урласан 500 гаруй буйлтай аж. Тэрээр 1971 оноос хойш буйл зорж заримыг нь цуглуулсаар эдүгээ 5000 гаруй буйлтай болжээ.

“Баянхонгор аймгийн Баянлиг суманд 1000 тэмээтэй малчин бий гэж сонссон. Харин 5000 буйлтай хүн надаас өөр байдгийг мэдэхгүй” гэж хууч дэлгэсэн тэрээр гэрийнхээ баруун орон дээр хураасан тэмээний буйлаас гаргаж үзүүллээ. Заримыг нь гэрийнхээ унинд хавчуулчихсан байв.

“Тухтайхан зорвол 20 минутад, яаруухан бол таван минутад дуусгачихдаг. Нас бие гүйцсэн тэмээнд бүдүүхэн буйлс мод, бага шиг тэмээнд нарийхан мод шаардлагатай. Одооны тэмээний хамар жижигхэн болсон. Тэмээгээ унаж эдлэхээ больсноос  яс чанар нь муудаж байна. Хуучны улсууд буйлыг сайхан зордогсон” гэж харамсангуй ярьж байв. Ийм нэгэн хөдөөгийн цөлх эр говьд аж төрж ганган улаан тэмээгээ түм бумаар өсөхийг бэлгэдэн  буйл урласаар сууна

Холбоотой мэдээ