ДОРНОГОВЬ: Музейн нээлттэй өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-01 10:08:19

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музейн сургалт, судалгааны төвөөс иргэд, олон нийтэд зориулж Музейн нээлттэй өдрүүдийг өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаатай зохион байгуулж байна.


Эх орончдын өдрийг тохиолдуулан Чингис хааны Хангалт эхт Цагаан туганд хүндэтгэл илэрхийлэх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг музейн хамт олон дэмжиж ажиллахаар болжээ. Музейн захиргаанаас гаргасан тарифаар үзмэрийг том хүн 5000 төгрөгөөр, хүүхэд үнэгүй үздэг байна. Харин энэ өдрүүдэд музейн үзмэрийг үнэгүй үзэх боломжийг иргэдэд олгож байгаа аж.

Энд говь нутгийн зон олны үеийн үед уламжилж ирсэн амьдралын хэв маяг, тэмцэл, ялалт, зан заншил, түүх, соёл, байгалийн давтагдашгүй тогтоц бүхий сонин содон цуглуулга зэрэг ховор нандин үзмэрийг үзэж сонирхох боломжтой.

Өөрөөр хэлбэл, байгалийн давтагдашгүй гоо сайхан, хүн ардын үеийн үед цогцлон бүтээсэн шашин соёлын гайхамшигт өв, нүүдэлчдийн зан заншил, өвөрмөц ёс уламжлалыг батлан хадгалсан энэхүү музей Дорнын говьд аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон бааз суурь болдог.

Анх 1949 онд аймгийн орон нутаг судлах кабинетыг Сайншандад албан ёсоор байгуулж, үзмэрийн сангаа олон нийтэд дэлгэснээс хойш жилээс жилд баяжуулан өдгөө зургаан танхимд нийт 6000 гаруй үзмэр дэлгэн тавьдаг болжээ.

Түүх сонирхвол, Дорноговь аймагт Музей байгуулах шийдвэр аймгийн Намын хороо, яамны хавсарсан тэргүүлэгчдийн 1947 оны 3 дугаар сарын 24-ний 17 дугаар хурлын тогтоолоор батлагджээ.


Байгалийн хэсэгт: Эртний аварга сүүн тэжээлтнийг олж харах боломжтой

Эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай сонирхолтой үзмэр, байгалийн зүй тогтлын хуулиар тэдгээр амьтан мөхөж, сэхэж явсаар эрт галавын үеийг гүйцээсэн тухай ул мөр, нотлох баримтыг эндээс харж болно.

Дорноговь аймаг нэн эртнээс хүмүүн заяатан идээшин дасаж, үе дамжин оршин сууж, аз жаргалтай амьдарч ирсэн домог түүхийн өлгий нутаг. Товчхондоо хэлбэл, бидний өвөг дээдэс тэмээ, мал адгуулж, зэрлэг адууг гаршуулан аж төрж, зовж явсан амьдралаа чулуунд сийлж түүхэнд мөнхлөн, байгалийн өмөрмөц зохицолдолгоо бүхий уран зургийн галерейг ч үлдээсэн байна.

Түүхийн хэсэгт: Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд байдгаараа бусад аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой. Чулуун болон хүрэл, төмөр зэвсгийн үед хамаарах археологийн олдворууд бий. Төрт үеийн түүхэнд холбогдох хадны сүг зураг, гэрэлт хөшөө, хүн чулуу болон говийн ард түмний аж амьдралыг харуулсан уналга эдэлгээний хэрэгсэл, тэмээн тэрэг сэлтийг дэлгэсэн байдаг. Орчин үеийн түүхийн танхимд 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний үүх түүхээс эхлээд ардын хувьсгалын үе, Дорноговь аймаг байгуулагдсан түүхэн үе болон 1990 оны ардчилсан өөрчлөлттэй холбоотой баримт зургууд бий.

Эдүгээ музейд 150 орчим хосгүй үнэт зэрэглэлд багтах үзмэр байна. Мөн Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд байдгаараа бусад аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой. Музейн ажилтнууд нь байгаль дэлхийн зүй тогтол болоод хүмүүний амьдралын сонин содон ертөнц, баяр гуниг, алдаа оноо, хэзээ ч дахин давтагдашгүй он цагийн хэлхээг баримтжуулан, үеийн үед үр хойчдоо өвлүүлэн үлдээж, өнгөрснийг эргэн сануулж, он дарааллын толь бичиг болгон цуглуулж, хадгалж хамгаалж байдаг.

Холбоотой мэдээ