"Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-д 53 орны 200 гаруй төлөөлөгч оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-ыг гуравдугаар сарын 2, 3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Чуулга уулзалтад АНУ, Их Британи, БНЭУ, Япон, Австрали, БНСУ, Сингапур, ОХУ, Турк, БНХАУ, Шинэ Зеланд тэргүүтэй 53 орны 200 гаруй зочин төлөөлөгч оролцох ажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөр (RAPAP)-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт”-ын зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд тулгамдаж буй нөхцөл байдалтай танилцах, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн боломжит шийдлүүдийн талаар мэдээлэл олгохоор танилцах аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр оролцогчдод барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлттэй байдал, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус болон хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний зардал зэрэг сэдвийн хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлууд, тулгарч буй сорилтуудыг танилцуулах юм байна.