“Долоогийн бүлэг” Украинд 39 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-24 09:55:14

БЕНГАЛУРУ. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар Украинд энэ онд үзүүлэх эдийн засгийн тусламжаа 39 тэрбум ам.долларт хүргэн нэмэгдүүлж, ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тавих хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.


“Долоогийн бүлэг”-ийн өмнө нь амлаад байсан 32 тэрбум ам.долларыг ахиулсан энэхүү тусламж нь Украинд эвдэрч сүйдсэн дэд бүтцийг сэргээн засварлах, эдийн засгийг тогтворжуулах, улс орноо хамгаалахад тус дэм үзүүлэх зорилготой гэж “Долоогийн бүлэг” Энэтхэгийн өмнөд нутгийн Бенгалуру хотод болсон хурлын дараа мэдэгджээ. Япон Улсын хувьд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ.


Дайны сөрөг үр дагавар улам ихээр мэдрэгдэх болоод байгаа энэ үед Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар эдийн засагт үзүүлэх эрсдэл, инфляцын дарамт, хөрөнгийн урсгал зэргийг үргэлжлүүлэн сонор сэрэмжтэй ажиглах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.


“Бидний авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээнүүд Оросын дайтах чадавхыг сулруулж байна. Бид хориг арга хэмжээнийхээ үр нөлөөг хянаж, шаардлагатай бол цаашид нэмэлт арга хэмжээ авах болно. Дайн эхэлснээс хойших  жилийн хугацаанд бид Украиныг тууштай дэмжиж, Оросын түрэмгийллийг зэмлэн буруушааж байгаагаа дахин нотолж байна” гэж “Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд дурдсан байна.


Энэхүү уулзалт нь энэ долоо хоногт болж буй “Хорийн бүлэг”-ийн Сангийн сайд нарын уулзалтын хүрээнд болжээ. Энэ онд Япон улс Их Британи, Канад, Герман, Франц, Итали, АНУ, Европын холбоог эгнээндээ нэгтгэдэг “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа юм. 

Холбоотой мэдээ