АНУ байгалийн гамшигт өртсөн Турк, Сирид нэмж тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-20 12:56:13

ВАШИНГТОН. /VOA/. АНУ хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сирид байгалийн гамшгийг уршгийг арилгахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмж 100 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Тус хоёр улсад байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 46 мянга давж, олон сая хүн орон гэргүй болоод байгаа юм. 


Ингэснээр АНУ-аас үзүүлэх нийт тусламжийн хэмжээ 185 сая долларт хүрэх бөгөөд аврах, сэргээн босгох ажилд оролцож буй олон улсын болон төрийн бус байгууллагуудад олгоно. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ сарын эхээр 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн бүсийн нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Турк улсад ням гарагт хүрэлцэн ирсэн юм.


“Энэхүү тусламж нь хөнжил, гудас, хүнсний багц, дулаан хувцас, майхан, орон байрны материал зэрэг зүйлсийг худалдан авахад туслахаас гадна эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангах, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ” гэж тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ