Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлал, олон улсын харилцаанд өөрчлөлт гарах түүхэн жил байх болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаад байгаа. Энэ жилүүд Монголын аялал жуулчлалын салбар, олон улсын харилцаанд өөрчлөлт гарах түүхэн жил байх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТВ-д өгсөн ярилцлагынхаа үеэр онцоллоо.
Тэрбээр, “Манай
улсад ойрын жилүүдэд уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар төрөлжин
хөгжих боломжтой. Зочлох жилийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон уулзалтуудыг
энэ зун зохион байгуулна. Энэ үеэр төр, хувийн хэвшил, иргэд хамтраад улсынхаа
нэрийг дэлхийд өргөх жилүүд байх болно. Үүний дүнд олон жил ярьсан 1 сая
жуулчнаа энэ онд авна гэж итгэж байна. Гадаад харилцааны хувьд өмнө нь бусад улс
орны Засгийн газартай тохирсон асуудлуудаа эцэслэн шийднэ. Монголчууд хэлсэн
амандаа хүрдэггүй, засаглал нь тогтворгүй, урт хугацааны бодлого байдаггүй гэх
ойлголт бий. Хөрөнгө оруулагчдыг хохироодог тохиолдол ч байсан. Үүнийг эрх зүйн
хувьд бүрэн цэгцлэх жил гэж мөн зарлаж байна. Эдийн засаг, хөгжлийн яам
байгуулсан, Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг байгуулна” гэсэн
юм.
Одоогоор “Монголд
зочлох жил” кампанит ажлыг өрнүүлж, Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулан, жуулчдад татварын буцаан олголт өгөхөөр болж, агаарын тээврийн
либералчлалыг идэвхтэй хийж байна. Нэлээн олон орон руу шууд нислэг нэмж, агаарын
тээврийн хэлэлцээрийг өөрчлөөд байгаа юм.