78 өнгийн торгоор урласан Янжинлхам бурханы зээгт наамал "Хатан" бүтээлээр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-17 15:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мандчирын наран” ТББ санаачлан Богд хааны ордон музейтэй хамтран тав дахь удаагаа зохион байгуулж буй “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн "Хаан", "Хатан" бүтээлийн эзэд тодорлоо.

 

XVII жарны Буян үйлдэгч хэмээх бар жилийн Хаан бүтээлээр Өвөрхангай аймгийн уугуул, уран хатгамалч М.Ганболдын алт, шүр, оюугаар чимэглэж, зүү ороож хатгасан Жанлавцогзол Өндөргэгээн, Жанлавцогзол Алтан соёмбо хос бүтээл шалгарав.

 

Адистидийн дээдийг хайрлагч эх Жанлавцогзол судрыг хэвтээ дөрвөлжин үсэг болон соёмбо бичгээр зүү ороон хатгаж, судрын тэг дунд Өндөргэгээн, Алтан соёмбыг тус тус байршуулсан нь үзсэн хүн бүрийн мэлмийг баясгах тансаг бүтээл болжээ. Энэхүү үзэсгэлэнгийн Хаан бүтээлийн эзнээр анх удаа эрэгтэй уран хатгамалч ийнхүү тодорч байна.

 

Харин Хатан бүтээлээр Төв аймгийн уугуул, уран хатгамалч, ардын тэргүүний авьяастан Г.Энхмаагийн Эгшигт охин тэнгэр Янжинлхам зээгт наамал бүтээл шалгарлаа. Шүр, сувд, оюу эрдэнээр чимэглэсэн торгон зургийн өнгө, хийц нь мэргэжлийн уран бүтээлчийн мэдрэмж, ур чадварын төгс нийлэмжийг харуулж байна. Гурван жилийн өмнө түүний Баян Намсрай, Тумбааш зээгт наамал бүтээлүүд энэхүү үзэсгэлэнгийн Хаан бүтээлээр шалгарч байсан юм.


Монгол Улсын уран хатгамалч Г.Энхмаа хэлэхдээ, “Зээгт наамлын урлалыг 2009 оноос эхэлсэн. Зээгт наамал нь хамгийн энгийнээр хэлэхэд өнгө өнгийн торгоор зураг зурж байна гэсэн үг. Энэхүү Янжинлхам бурхныг Монгол Улсын Соёлын яамны захиалгаар найман сарын хугацаанд урласан. Нийт 78 өнгийн торго орсон. Хүмүүс зээгт наамлыг зураг гэж хардаг. Монгол хатгамал нэг нэг мм-ийн зайтай хатгаж оёдог учир маш их цаг, тэвчээр шаардана. Миний бүтээлийн онцлог гэвэл энэ цаг үедээ, энэ цаг үеийн материалаар зээгт наамлыг хийж үлдээхийг хүсдэг” гэв.

 

Энэ удаагийн үзэсгэлэнгийн хойморт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй XIX зуунд бүтээсэн зээгт наамал шүтээнүүд заларсан. Шүр, сувд, тэргүүтэй эрдэнээр чимж, алт, мөнгөн утас дарж оёсон эдгээр шүтээнийг Гандантэгчинлэн хийд олон нийтэд дэлгэдэггүй, зөвхөн тусгай хурал номын үеэр залдаг уламжлалтай. Энэхүү үзэсгэлэнгээс Сандуй, Жамсран, Нархажид зэрэг монгол түмний шүтээн, хамгаалагч сахиус бурхдыг ойроос харах боломжтой.



Холбоотой мэдээ