"Дорнын тахь" төслийн хүрээнд Халх гол сумын Сүмийн хоолойд 2026 онд тахь нутагшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-18 22:47:30
@ShoovdorBatbold

Монгол орны баруун, төв хэсэгт тахийг амжилттай сэргээн нутагшуулсан.

Шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн хүрээнд тахийг Монгол орны зүүн хэсэгт нутагшуулах юм.

Гэрэл зургийг Мирослав Бобек, Прагийн Амьтны хүрээлэн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прагийн Амьтны хүрээлэн, монголын эрдэмтэд судлаачдаас бүрдсэн баг Монгол Улсын зүүн хэсэгт тахь нутагшуулах цэг сонгох ажлыг амжилттай дуусгалаа.


Урьдчилан сонгосон цэгт зайнаас тандах судлал хийснээс гадна жилийн улирал бүрт газар дээр нь очиж ургамал, амьтан, шавьж, шимэгч зэргийг хамруулсан олон талын судалгаа шинжилгээ хийсний эцэст Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог Сүмийн хоолой гэдэг газрыг сонгожээ. 1700 км.кв орчим талбайтай энэ газрын ихэнх хэсэг нь Нөмрөг ДЦГ-ын нутагт багтаж байна. 


Прагийн Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, “Нэлээд өргөн цар хүрээтэй судалгаа хийсний үндсэн дээр бид Сүмийн хоолой, түүний ойр орчим нь хамгийн тохиромжтой газар гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Мөн энэ нутагт өвсний гарц сайн, газрын гадаргуугийн байдал тогтоц сайтай, хачиг багатайгаас гадна манай цэгээс хэдэн арван километрийн зайд айлын мал бэлчдэг. Үүнээс илүү тохиромжтой газар олдохгүй” хэмээн ярив.


Сүмийн хоолой нь Говийн Их Дархан Цаазат газрын Б хэсэг, Хустайн БЦГ, Хомын талын БЦГ-ын дараа тахь нутагшуулах дөрөв дэх газар болох боловч Монгол орны зүүн хэсэгт оршдгоороо онцлогтой. Тахь нутагшуулах газрын сонголтоо нэгэнт хийсэн тул одоо “Дорнын тахь” төсөл хэрэгжих шатандаа ороод байна.


Прагийн Амьтны хүрээлэнтэй хамтран төсөл хэрэгжүүлэх “Бид Монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусална” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Ганбаатар, “Бид Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад байгууллагуудтай хамтран уг төслийг бэлтгэж ажиллаж байна” гэв. Монгол Улсын төрийн байгууллагууд энэ төслийг талархан дэмжиж байгаа юм байна.


Цаашид шаардлагатай гэрээ, албан ёсны зөвшөөрлийг зохих ёсоор бүрдүүлж, Дэгээ гол, Өвөр сүмийн горхины бэлчирт баригдах төслийн төвийн байр, дасгах хашааны зураг төслийн ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ тухайн цэгийн судалгааг үргэлжлүүлэх аж. Европ төдийгүй Монгол Улс дахь тахь идээшин, нутагшиж буй бусад газраас тахийг Сүмийн хоолойд 2026 оны зун тээвэрлэх боломжтой болно гэж төслийн багийнхан үзэж байна. 


 “Дорнын тахь” төсөл дээр 

  • “Бид монголын зэрлэг амьтдыг авран хамгаалахад туслана” ТББ,
  • Монгол Улсын Их Сургууль,
  • Монгол орны хөхтөн судлалын нийгэмлэг,
  • Хөдөө аж ахуйн их сургууль,
  • Мал эмнэлгийн хүрээлэн,
  • Карлын Их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Хэрэглээний геомэдээлэлзүй, зураг зүйн тэнхим,
  • Карлын Их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн Шимэгч судлалын тэнхим зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна.

Иргэд, хандивлагчид уг төслийг “Бид зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусалдаг” 43–680 466 0247/0100 (гадаадаас IBAN: CZ24 0100 0000 4368 0466 0247, SWIFT: KOMBCZPPXXX) тоот хандивын дансаар хандив өргөснөөр дэмжих боломжтой аж. Мөн Прагийн Амьтны хүрээлэнгийн e-shop-ын “Бид зэрлэг амьтдыг авран хамгаалахад тусладаг” хэсгээс бэлэг дурсгалын зүйл худалдан авч (https://eshop.zoopraha.cz/suvenyry/pomahame-jim-prezit.html), Прагийн Амьтны хүрээлэнд байршуулсан дэлгэцэнд сонголт хийж, хандив өргөж, 87 777 дугаарт DMS OHROZENEDRUHY 30 (эсвэл 60 эсвэл 90) хандивын мессеж илгээж болно. Амьтны хүрээлэнд зочлох нь ч маш их үр өгөөжтэй юм.


Газрын зураг: Монгол орны зүүн хэсэгт тахь нутагшуулах зорилгоор сонгосон Сүмийн хоолойн байршлыг газрын зурган дээр харуулж байна. Эх сурвалж: Прагийн Амьтны хүрээлэн


Дэрээ гол мурилзан урсах Сүмийн хоолойд 2026 он гэхэд эхний тахь нутагшуулахаар төлөвлөж байна.

Гэрэл зургийг Мирослав Бобек, Прагийн Амьтны хүрээлэн


2023 оны 1 дүгээр сард Прагийн Амьтны хүрээлэн, монголын эрдэмтэд судлаачдаас бүрдсэн баг

Сүмийн хоолойд сүүлийн судалгаа хийж яваа нь.

Гэрэл зургийг Давид Раух, Прагийн Амьтны хүрээлэн


Төслийн тухай гол гол мэдээлэл, тахийн бичлэг багтаасан 2023 оны 1 дүгээр сард Монгол орны зүүн хэсэгт хийсэн судалгааны аялалаас иш татсан видео бичлэг.
Эх сурвалж: Прагийн Амьтны хүрээлэн
Холбоотой мэдээ