ДОРНОГОВЬ:Хонгорын овооноос тольдсон цаг агаарын төлөв

ӨВ СОЁЛ
erdenebulgan@montsame.mn
2023-02-14 16:08:54

Дорноговь /МОНЦАМЭ/.Од гаригсын  тохиол,  талын зэрэглээ,  мал, зэрлэг амьтан, ургамлын шинж байдлыг хараад л тухайн цагийн байдлыг тайлж уншдаг эрдэм бол монголчуудын уламжлалт мал аж ахуйтай хамт нэгэн соёл болтлоо уламжлагдаж ирсэн билээ.

Монголчуудын буй болгосон соёлын биет бус өв нь өөрөө долоон ай савтай бөгөөд үүний нэг ай савд нь мөнөөх л нүүдэлчдийн амьдрал ахуйдаа өргөн дэлгэр ашигладаг байгаль цаг агаарыг шинждэг өв соёл багтдаг аж.

Хараа цуцам өргөн уудам газартай говь нутаг  уул, усаар хүрээлэгдсэн хангайн нутагтай харьцуулашгүй онцлогтой юм. Техник технологийн  үсрэнгүй хөгжил, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж мал аж ахуйгаас улбаатай нүүдлийн  соёл уламжлал өөрчлөгдөж  байна. Малчдын дунд ч уул хангайдаа гарч байгалийг шинжих, байгалийн  үзэгдэл үйл явцыг тайлж унших эрдэм мэдлэгтэй хүн ховордсон тухай ч ярьдаг.

Харин Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын хэсэг малчид нутгийн буурлуудынхаа үг сургаалыг дагаж өөрсдийн нутагладаг Хонгорын овоондоо гарч өвлийн адаг сарын шинийн 15-ны сарыг ажигласан юм. Нутгийн малчдын санал санаачилгыг дэмжиж цаг агаар шинжих өв соёлыг хойч үедээ үлдээх, нутгийн ахмад буурлуудын үгийг сонсох энэ ажлыг “Талын сарнай” ТББ,  Айраг сумын “Эх орон хамтын хүч ТББ” дэмжиж хамтран ажиллажээ. Уул овоон дээр гарч  байгалийн сонин сайхныг хардаг хүмүүс сар, улирал бүтэн жилээр байгалийн үзэгдэл үйл явцыг шинждэгээрээ ихээхэн онцлогтой ажгуу.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн аймгийн алдарт уяач Сономдуламын Доржням гуай ная хол гарсан өндөр настай хэдий ч залуусын санал бодлыг сонсож, үзсэн дуулсанаа залуустаа хэлж өгөх сэтгэл өвөрлөж Хонгорын овоонд гарах үеэр нь түүний сэтгэгдлийг нь сонссон юм.

Тэрээр олон сайхан залуустай Хонгор хайрханы оройд гарлаа. Бидний хойч үе залуу малчид тэнгэрийн байдлыг шинжиж байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байгаад өвгөн би олзуурхаж байна.  Өвгөн миний харж буйгаар энэ өвөл ширүүхэн эхлээд төгсгөл нь гайгүй болох шиг боллоо. Гарч буй өвлийн адаг сарын шинийн 15-ны сарыг ажиглавал мана үүл ихтэй, хавар шамарга дэгдэж мэдэх нь. Хоттой хонь хойшоо хараад хэвтэж  байвал энэ өвөл сайхан жил болох нь дээ, жаахан салхитай байж магад... гээд л  хуучны өвгөд, малчид цаг агаар, байгалийн зүй тогтлыг малынхаа ааш аяг, цаг улирлын  онцлог байдлыг хараад шинждэг байсан уламжлал бий. Манай нутагт “Бахираа” Лут гэж лут өвгөн байлаа. Тэр нэг удаа хэлэхдээ “Айхтар үүл гарчээ. Цас өнгийгөөд байна. Өвөл зуд болох нь” гэсэн. Түүний хэлснээр зуд болсон доо. Бүрхэг бүүдгэр өдөр шороо цасны хаялгаар мана үзэгдэл байдаг юм бол уу гэж боддог гэв.


Даланжаргалан сумын гуравдугаар багийн малчин Их хонгорын хайрханы энгэрээр нутагтай Арвайн Наранболд бага наснаасаа эцэг эхээ дагаж мал маллаж яваа нэгэн.Тэрээр сүүлийн гурван жил Хонгорын уулан дээр гарч агаар шинжиж байна. Гэхдээ гол төлөв намрын дунд сард гардаг байжээ.

 Мөн Дундговийн Залаагийн уулан дээр нутгийн малчидтай гарч байгаль шинжиж байв. Энэ удаа харин өвлийн адаг сарын шинийн 15-нд гарсан юм. Байгаль цаг агаар шинжээний тухай тэрээр ийн хуучиллаа. Өвлийн адаг сарын шинийн нэгэнд хайрхан дээрээ гараад  орчныг ажиглая, ямар шинж тэмдэг мэдэгдэж байгааг сонирхоё гэж бодсон. Манай Хонгорын овооноос баруун талаараа Их нарт, Өлгий, Баянцогт, Чойрын богд, урагшаа Тээг, Нүцгэн хонгор, зүүн тийш Хэнтийн Галшарын баруун тал хүртэлх нутаг  цэлийж харагддаг.  

Биднийг хүүхэд байхад өглөө нар мандах үеэр нар гурваллаа, өдөртөө хүйтэн байх нь, орой нар гурваллаа маргааш сайхан байх нь ... гээд л  өвгөд хуучилдаг байсан. Тэрийг хар даа, гарч байгаа сарын хоёр үзүүр нь шовх байна сарынхаа эхэн, хойноо чангарч магадгүй, эсвэл гэдэс ихтэй сар гарлаа, сайхан жил гарах нь гээд л ярьдагсан.

Өвлийн эхэн сарын шинийн 15-ны сар алсуураа нэлээн хүрээлсэн харагдлаа. Ойрын хугацаанд жаахан чангарч магадгүй, алсдаа гайгүй болов уу. Энэ бол миний л таамаг. Хайрхан дээрээ гараад ажиглаад байвал байгаль цаг агаарын талаарх мэдлэг маань нэмэгдэх болов уу л гэж бодох. Айраг сумын хойд талаар Бужгарын хойд хэсгээр өтгөн манантай, хойшлоод ирэхлээр арай шингэрч харагдлаа.

Сиймгэр цагаан үүлтэй, үүл нь хол байна. Холын уул харагдахгүй үүлтэй, баруун талаас тогтуун салхитай. Хавар намрын цагт олон удаа гарч үзэж сонирхож байж л цаг агаарын үзэгдлийг харьцуулан ерөнхий дүгнэлт хийх боломжтой юм билээ. Нэг өдөр уулан дээр гараад бүгдийг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл цаг агаарын байдал хоромхон зуур дахин дахин өөрчлөгддөг. Шөнө дунд, өглөө үүрээр, нар мандах үеэр яаж өөрчлөгдөх нь үү тэр бүгдийг ажиглаж тогтоож авах нь чухал гэв.

2021 оны намрын дунд сарын шинийн 15-нд Хонгорын овоон дээрээ гарч тэнгэрийн байдлыг ажигласан тухайгаа Наранболд тэмдэглэлийн дэвтэр дээрээ буулгажээ. Тэр үед шөнийн 12 цагт уулын эргэн тойронд мана ихтэй, харин шөнийн 01 цагийн үед урд хэсэгт  мана нь  нарийхан тунаж байна, зүүн хойноо бага зэрэг шингэрч, 02 цагийн үед зүүн урд болон урд зүгт тунгалаг болж, бусад зүгт өтгөрч алсын бараа харагдахгүй болсон. Мичид гурван зулзагатай, тэнгэрийн заадас харагдахгүй, байсан, харин үүрээр баруун талаар шингэн мана урагшаа гүйснийг эс тооцвол өөр онцын үзэгдэл багатай өглөөний нар мандсан гэжээ. Дээрх шинжээний дараа  манай нутагт ам малын цастай сайхан өвөл болж хавар нь цасан шамаргатай байлаа. Гуравдугаар сарын цасан шамаргыг Наранболд тайлахдаа үүрээр урагш  явган мана гүйсэн, үүнээс үүдэлтэй болов уу гэж  хэлсэн юм.

Харин өнгөрсөн оны намрын дунд сарын шинийн 15-нд гарахдаа тэрбээр шөнийн 10 цагийн үед зүүн талаараа өтгөн манатай, бусад талаараа тунгалаг сайхан байсан бөгөөд мичид олон зулзагатай байна. /Мичид зулзагалвал зудгүй өнтэй өвөл болохын шинж/. Өглөө нар мандахад нарны хойд хэсгээр доогуураа өтгөн манатай байсан. / Мана гэдэг нь үүлс цас чийгтэй, салхинд туугдаж холилдож харагдах үзэгдэл аж, зарим хүн манан ч гэж ярьж байна/ Үүнийг бодохдоо манай нутгийн зүүн хэсгээр цас ихтэй хүндхэн өвөл болж байна гэж дуулдсан.

Тэрнийх юм болов уу л гэж ойлгосон гэв. Манай нутгийн зүүн хэсэг гэдэг нь Дэлгэрэх сумын орчмыг хэлсэн бололтой. Дэлгэрэх суманд энэ жил хамгийн их цас оржээ. Байгаль цаг агаарыг шинжиж аж амьдрал, мал ахуйгаа адгуулдаг байсан нүүдэлчдийн энэхүү өв соёл жил ирэх тусам мартагдаж, устаж үгүй болох аюул ойрхон байгаа юм. Цас их орсон тээр жил Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын малчин Ц.Андрей гуайнд буухад цас зудтай үед хятад мотоцикл ч хэцүү дээ, цасан дунд зоогдоод хөдлөхгүй.

Харин морь тэмээгээр л цагийн хэцүүг аюул багатай туулсан талаар хуучилсан юм. Малчид  техник технологийг ашиглахаас гадна уламжлалт хөсөг тэргээ хөллөж тэмээ малаа уналгад ашиглаж байвал  цагийн  хохирол багатай  давах боломжой гэж нутгийн ахмад буурлууд ярьж байлаа. Байгаль цаг агаарыг шинждэг малч түмний бүтээсэн энэхүү өв соёл хойч үед уламжлагдан жилээс жилд түгэн дэлгэрч байвал даяаршлын эрин зуунд бидний өв соёлын дархлаа нэмэгдэж монгол монголоороо оршин тогтнохын нэгэн  баталгаа болох буй за. 

Холбоотой мэдээ