Хоёр тэрбум мод - Богино хугацаанд хэрэгжих бодитой төсөл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-02-10 11:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улс 2021-2026 он хүртэлх 5-хан жилийн дотор 2 тэрбум ширхэг мод тарих том амбицтай төлөвлөгөө боловсруулсныг Ерөнхийлөгч К.Токаев гурван жилийн өмнө болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн цахим чуулганы үеэр зарлан мэдэгдэж байлаа.


Тус улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт ордог боловч ой мод багатай орнуудын нэг юм. Ойн сан бүхий газар нь нийт нутаг дэвсгэрийн 11,2 хувийг, ойгоор бүрхэгдсэн талбай ердөө 4,9 хувийг эзэлдэг байна. Харьцуулваас, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 18 дугаарт бичигддэг Монгол Улсын хувьд дээрх хоёр үзүүлэлт 11,8%, 7,8% байгаа нь ерөнхийдөө ойролцоо гэсэн үг.


2 тэрбум модыг ойн сан бүхий газарт тарих бөгөөд хот суурин газруудын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх ажил мод тарих хөтөлбөрт хамаарахгүй.


Хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх бөгөөд үүнд зарцуулагдах нийт мөнгөн дүн нь 82 тэрбум тэнгэ /613 тэрбум төгрөг/ болж байна. Энэ мөнгийг модны үр цуглуулж боловсруулах, ойн аж ахуйн ажилтнуудын цалин хөлс болон хөрсний судалгаа явулуах, мод үржүүлгийн газруудын талбайг тэлэх, мод суулгахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.


Бүдүүн багцаа тооцоо хийж үзэхэд, 5 жилийн хугацаанд 2 тэрбум мод тарихын тулд өдөрт 1 сая ширхэг мод суулгах ёстой бөгөөд зөвхөн хавар ба намрын улиралд тарьдаг тул уг тоо 2 сая болж өснө.

БНКазахстан улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев мод тарих хөдөлгөөнд оролцож байгаа нь 

Мод тарих ажлыг хариуцаж буй Казахстаны Экологийн яам тарих модны тоог жил бүрээр нарийн тооцож гаргасан бөгөөд 2021 онд 81,5 сая, 2022 онд 244 сая, 2023 онд 411 сая, 2024 онд 573 сая, 2025 онд 643 сая ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Харин өнгөрсөн онд төлөвлөснөөс 2 гаруй дахин цөөн буюу 106 сая мод тарьсан нь орон нутгийн төсвөөс гаргах санхүүжилт хангалтгүй байсантай холбоотой ажээ.


Дээрх төлөвлөгөөнд ямар төрлийн модыг хэдий тоогоор тарих вэ гэдгийг нарийвчлан тодорхойлсон байна. Тодруулбал, саксаул буюу заг мод – 610 сая ш, нарс – 555 сая ш, агч мод - 193 сая ш гэх мэтчилэн.  


Төрөл бүрийн моддыг тарихдаа тухайн нутаг орны цаг уурын онцлогийг харгалзан үзээд, эх газрын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй заг ба шилмүүст моднуудыг түлхүү сонгосон байна.  Тухайлбал, өмнөд нутагт улиангар ба хар мод, баруун өмнөд нутагт заг мод, хойд нутагт хус, нарс ба гацуур гэх мэтээр сөөлжүүлэн тарина. 


Нөгөөтэйгүүр, 2021 оны байдлаар, Казахстанд 44 байнгын ажиллагаатай, 158 түр ажиллагаатай мод үржүүлгийн газар байгаа бөгөөд 1-3 настай 165 сая ш суулгац бэлэн байгаа ажээ. Ийм учраас гадаадаас суулгац худалдан авах шаардлагагүй юм. Амьдралынхаа 60 орчим жилийг шилмүүст мод үржүүлэхэд зориулсан эрдэмтэн Петр Коробко ярихдаа “5 жилийн дотор 2 сая ширхэг тяньшань гацуурны суулгац бэлтгэх бүрэн боломжтой, учир нь, мод үржүүлгийн газрын 1 га газарт 1 сая ш суулгац ургуулдаг. 15-20 см өндөр, 4 настай суулгацыг ойд аваачин суулгах боломжтой” гэлээ. Ташрамд дурдахад, ойн аж ахуйн ажилтнуудын цалин хөлс улсын хэмжээнд хамгийн бага байсан тул өнгөрсөн онд 23 хувиар нэмэгдүүлжээ.


Шидэт мод

Нийт 2 тэрбум модны гуравны нэг нь үрээр нь тарих боломжтой заг мод юм. Газарт шан татаад л үрийг нь цацна. Нэг га газарт 5 кг цацахад 750 ширхэг заг мод ургадаг. Казахстанд ирсэн гадаадын жуулчид энэ модыг гайхан биширч “шидэт мод” хэмээн нэрлэх нь бий.


Заг мод нь тун ховор ордог бороо цаснаас хамаарахгүйгээр хөрснөөс чийг хайн үндсээ сунган ургадаг учир говь цөл газарт тарихад хамгийн тохиромжтой. Өвлийн цагт орсон цасыг барьж тогтоосноор цас багатай жилүүдэд гүний усыг тэтгэж байдаг. Загийн үндэс нь 15 м-ийн гүнээс ус татах чадалтай бөгөөд эргэн тойрондоо 4 тн дөрвөн тонн элсийг татаж хуримтлуулдаг. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл зайд салаалж тархан ургадаг тул  тогтоц сайтай,  ямар ч хүчтэй салхийг сөрж, эрчийг нь бууруулан элсний нүүдлийг зогсооно. Өвс ч ургадаггүй газарт заг мод л ганцаараа торойж байдаг билээ.


Тэгэхээр заган ойг бий болгох нь хатан ширгэсэн Аралын тэнгисийн ойролцоо амьдардаг, элсэн шуурганд байнга нэрвэгдэж буй хүмүүсийн амьдралын чанарт сайнаар нөлөөлнө. Цаашдаа хэдэн жилийн дараа заг ургаж буй хэсэгт бусад төрлийн ургамал ургаснаар тухайн газрыг бэлчээрийн зорилгоор эсвэл зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд ашиглах боломжтой.

Казахстанчууд 2025 оны эцэс гэхэд Аралын тэнгисийн хатаж ширгэсэн ёроолын 1,5 сая га газарт заг мод тарих хөтөлбөрийг Узбекистан улстай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нисэх онгоц ба нисдэг тэрэгнээс үр цацаж заг модыг тарьдаг аргыг узбекчүүдээс  суралцаж, нэвтрүүлэхээр төлөвлөжээ.   

Ташрамд сонирхуулахад, саяхнаас 2 тэрбум мод тарих ажлын явцад мониторинг хийхэд зориулсан интерактив картыг гаргажээ. Дэлхийг зайнаас тандах зонд судалгаанд суурилсан уг картыг гар утасны аппликейшнд суулгаснаар сонирхсон бүх хувь хүн, байгууллагууд мод тарих ажлын явцыг ажиглан хянаж, өөрсдийн санаа оноо, санал шүүмжлэлийг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудад илгээх боломжтой.


Эцэст нь өгүүлэхэд, Монгол, Казахстан хоёр улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавруудтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байгаагийн тод жишээ бол “2 тэрбум мод тарих хөтөлбөр” ба “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн юм. Газрын хөрсийг эрүүлжүүлэх, хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлэх, ой бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд байгалийн нөхцөл байдал төстэй, эрс тэс уур амьсгалтай, хүн амдаа харьцуулахад том газар нутагтай хоёр орны хувьд экологи, ойн аж ахуйн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох нь илүү үр дүнтэй байх болно.  


Эх сурвалж: sputnik.kz 

Холбоотой мэдээ