СЭЛЭНГЭ: 610 багшийн бодит орлого нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-02-09 16:18:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 8-ны өдөр Сүхбаатар суманд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд 17 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, 6 тосгоны захирагчид болон хэлтэс, албадын дарга нар, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.




Энэ үеэр Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагын баг та бүхний хамтын хичээл зүтгэл, төр хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын түншлэл чухал үүрэгтэй оролцлоо гэдгийг онцоллоо.  


Тэрбээр:”Төрийн албаны шинэтгэл, төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, өөрийн бүрэн эрхийн хүрээнд аймаг, орон нутагтаа манлайлан, хүний нөөцийн оновчтой төлөвлөлтийг хийх замаар, мэргэшсэн чадварлаг төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлүүллээ.


Мөн төрийн албаны тухай хууль түүнийг дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангах. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг ханган, мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд анхаарч. 2023 оны төсөвт орон нутгийн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төсвийн нөөц бололцоогоо бүрэн дайчлан аймаг, сумын хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг төлөвлөн эхлүүллээ.


Түүнчлэн боловсролын төсвийн эрх зүйн шинэчлэл хийж, цалин урамшууллын системд өөрчлөлт орж, аймгийн 24 сургууль, 15 цэцэрлэг урамшуулал авч, 610 багшийн бодит орлого нэмэгдлээ” хэмээв.

Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймгийг төсвөө амжилттай бүрдүүлж чадсан амжилтыг үнэлж, орон нутгийн хөгжилд чиглэсэн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд нь зориулан 200.0 сая төгрөгөөр урамшуулсан юм.


Сэлэнгэ аймаг Батлан хамгаалах багц хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлан, хүүхэд, залуучуудад эх оронч, үндэсний үзэл төлөвшүүлэхэд анхаарч ажилласан гээд удирдлагын багийн хамтын зүтгэлийн ололт амжилт багагүй байгааг аймгийн дарга онцолж байлаа.  


Үйл ажиллагааны үеэр уламжлал ёсоор 2022 оны шилдгүүдээ тодруулж, хариуцсан ажил үүрэг, салбартаа идэвх санаачилгатай ажиллаж, бусдыгаа түүчээлсэн оны аваргууд, тэргүүний хамт олноо алдаршуулж, 2023 онд хамтарч ажиллах гэрээ байгууллаа. 

Холбоотой мэдээ