ХОВД: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-31 11:43:52

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа талаар тодрууллаа.

Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 12 мянган төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 11.8 хувиар өссөн байна.

Нэг кг хонины мах дунджаар 12 мянган төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.7 хувиар өсжээ. Мөн нэг кг ямааны мах 10 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн дундаж үнээс 24.4 хувиар өссөн байна.

 

Хонины гулууз кг тутамд 8000 төгрөг,  ямааны гулууз кг тутамд 7000 төгрөгийн үнэтэй байна. Мөн адууны махыг кг тутамд 10 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.

Одоогийн байдлаар (2023.1.30-ны өдөр) Ховд аймагт  Алтан тариа, Өег, Өгөөж үйлдвэрийн гурил 50 кг нь 95 мянган төгрөгийн үнэтэй байна.


Харин Улаанбаатар 50 кг гурил 105 мянга, Алтан тариа 25 кг-тай дээдийн дээд гурилыг 80 мянган төгрөгөөр худалдаж байна.


Нэг кг задгай гурилын үнэ дунджаар 2200 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 19.2 хувиар их байна.


Улаанбаатар гурилын үнийг  8 сарын өмнөх үетэй харьцуулбал 47 мянган төгрөгөөр, цагаан будааны үнэ 1200, элсэн чихэр 500 төгрөгөөр тус тус нэмэгджээ.


Ургамлын тос 5 кг нь 35-40 мянга, цагаан будаа 25 кг нь 78-98 мянга, элсэн чихэр кг тутамд 3200-3500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Мөн нэг литр шингэн сүү дунджаар 5000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнэ болон өмнөх сарын дундаж үнээс 14.8 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 6.3 хувиар тус тус өссөн байна.  

Орон нутагт худалдаа эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тариа буудайн гарц муу, үйлдвэрүүд үнэ нэмж байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн тээврийн зардал, ашиг нэмдэг гэж үзвэл иргэдийн гар дээр 50 кг гурил борлуулахад 10 мянган төгрөг нэмэгдэж буй.  


Ховд аймаг нь алслагдсан бүс нутагт оршдог тул бараа бүтээгдэхүүний үнэ бусад аймаг, Улаанбаатар хоттой харьцуулахад өндөр байдаг. Хүнсний гол нэрийн бараа болох гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнэ тогтмол өсөлттэй байгаа нь иргэдийн худалдан авах чадвар буурах, үнийн хөөрөгдөл бий болоход тодорхой нөлөө үзүүлсээр байгаа аж. 

Тус аймаг хүнсний ногоогоо дотооддоо тариалж орон нутгийн хэрэглэгчдийг бүрэн хангаад зогсохгүй зэргэлдээ аймаг, Улаанбаатар хот руу ногоо борлуулдаг. Өргөн хэрэглээний болон гол нэрийн барааны үнийн өсөлттэй харьцуулахад төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байгаа гэж худалдаа эрхлэгчид хэллээ. 


Энэ жилийн тухайд гантай, усны хомсдол их байсан учир өмнөх жилүүдээс харьцангуй бага ургац авчээ. Ингээд хүнсний ногооны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн Улаанбаатар хотоос төмс, зарим хүнсний ногооны татан авалт хийжээ. 

Ховд аймгийн ногооны зах дээр худалдаж байгаа төмс, хүнсний ногооны үнийг тодруулахад лууван кг тутамд 1800, төмс болон байцаа 2000, манжин 2500 төгрөгийн үнэтэй байна.

Мөн Ховдын ягаан хальст сонгино 10 мянга, монгол шар сонгино 5000, хятад сонгино 3000 төгрөгөөр зарагдаж байна. Монгол саримс 25-30 мянга, хятад саримс боодол нь 3000 төгрөг, хүрэн манжин 3500, хулуу 4000 төгрөгийн үнэтэй байна.


Үүнээс гадна хорголжин тэжээл 50 кг  нь 40 мянга, хивэг 25 кг нь 21-22 мянган төгрөгөөр борлуулж байна.


Цаашид сар шинийн баярыг тохиолдуулан өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай байгаа юм.  

Холбоотой мэдээ