АРХАНГАЙ: Мөсөн шагайн харваа нь II Зая гэгээнээс үүдэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-30 11:34:28

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Үндэсний мөсний шагайн холбоо, аймгийн Мөсний шагайн холбоотой хамтран улсын мэргэн цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнийг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

Улсын мэргэн цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнд 10 аймгийн 22 дэвжээний 350 гаруй харваач оролцсон. Харваачид 80 метрийн урттай зургаан зоонд багаараа хуваагдан 40 сум тавьж, цэц мэргэнээ сорилоо.

 

Мөсний шагайн тэмцээн нь харваачид 120-130 гр жинтэй, дөрвөлжин гуулин сум буюу захыг долоовор хуруу болон ядам хуруугаар хавчин, нөгөө захад буй хушга, шагайнуудыг чиглүүлэн хүчтэй гулсуулж, шидэх хэлбэрээр тоглодог зарчимтай. Хушга болон шагайг оносон харваачид оноо өгнө.


Энэ зарчмаар цуваа харвааны эхний байрт Эрдэнэмандал сумын “Хүнүй” дэвжээний залуу харваач Ж.Ганзориг шалгарч, улсын мэргэн цол авлаа. Батцэнгэл сумын “Батцэнгэл” дэвжээний харваач, улсын мэргэн Б.Энхбат, Улаанбаатар хотын “Хангарьд” дэвжээний харваач, улсын мэргэн Д.Батдэлгэр нар удаах байруудад шөвгөрч, чимэг нэмлээ.

 

Талын /багийн/ харваанд Эрдэнэбулган сумын харьяат, Монгол Улсын үлэмж гарамгай мэргэн С.Чулуун-Эрдэнэ, Эрдэнэмандал сумын харьяат, дархан мэргэн Б.Лхагважав нар түрүүлсэн бол Улаанбаатар хотын залуу харваач Б.Хосбаяр, улсын мэргэн А.Мөнхбаатар, Улаанбаатар хотын харьяат, дархан мэргэн Б.Ууганбаяр, Цэнхэр сумын залуу харваач Д.Бат-Эрдэнэ нар шөвгөрч, шөвгийн тоогоо нэмжээ. 

 

Зая гэгээний мөсөн шагайн харвааны түүхийг өгүүлье.

Мөсөн шагай харвах нь Архангайн гаралтай гэж ярих нэг хэсэг байхад монголчууд эртнээс мөс мөргөлдүүлж тоглодог байсан гэх хэсэг ч бий. Харвах, мөргөлдүүлэх гэдэг үгийг мөшгөвөөс энэ нь тэс өөр ойлголт юм.

 

Заяын Шавийн мөсөн шагайн харваа нь тодорхой учир шалтгааны улмаас үүдэлтэй, зорилготой, нарийн дэг журам дүрэмтэй, зохиогдсон эзэнтэйгээрээ онцлогтой. Мөс мөргөлдүүлэх нь учир шалтгаан, зорилго тодорхойгүй, тогтоосон дүрэм журамгүй зүйл юм.

 

Зая бандид Лувсаннамжилняндаг (1717-1765)-ийн үед тус Хүрээнд хуар ханиад хэмээх халуун хижиг өвчин дэлгэрч, олон хүний амь сүйдсэн явдал гарч, хүрээний ихэс дээдсийг зовоож байсан гэдэг. Тус хүрээний мэргэч төлөгч лам, үзмэрч зурхайч, лам чойжин зэрэг эрдэм чадалтай хүмүүс өвчин гарсан шалтгаан, түүний хор уршиг, анагаах аргыг олж мэдэхээр ажиллаж, өвчин гарсан шалтгаан нөхцөлийг тогтоон, дарах арга учрыг сэдэж, Зая бандид Лувсаннамжилняндаг хутагтад өргөн мэдүүлжээ.

 

Тамирын голын ус гадны нөлөөгөөр (Манж Цэргийн хуарангаас) элдэв зүйлийн нян буртгаар бохирдож, уснаа орших олон зүйл лус савдгууд хямралдаж, хүн амьтны амь олноор сүйдэх өвчин тахал дэлгэрсэн байна. Өвчин тахлын аюулаас аврах арга нь Тамирын голын усан дээр сүм байгуулж, олон бурхдын номлосон бузар дэвийг арилгах, тогтоол тарнисыг олонтоо уншиж, лус савдгийг аргадваас өвчин илаарших нигууртай  хэмээн  мэдүүлжээ.

 

Тамирын голын урсгал усан дээр олон сүм байгуулна гэдэг хүний сэтгэл санаанд буухгүй ч үүнийг өвөл болж  мөс  хөлдөх  үед мөсөн дээр сүм байгуулж, бурхдын тогтоол тарнисыг олон лам нараар уншуулж, найр цэнгэлийг хийж бэлгэдвээс мөсний доорх усанд орших лус савдгууд баясаж номхорч, бохирдсон ус ариусах учир байна хэмээн мэргэдийн хэлснийг Зая бандид хутагт таалжээ. Тус Хүрээний лам нар шашны ном журамд нийцүүлэн “Мөсөн шагай харвах” дурэм журмыг тогтоосон ажээ.

 

Хүрээ хийдийн лам нар Мөсөн шагай харвах дурэм журмын дагуу зун намар нь бэлтгэл шургуу хийлгэж, өвлийн тэргүүн сарын өлзий бүрдсэн сайн өдрийн сайн цагаас Мөсөн шагайн харвааг эхэлж, хаврын дунд сарын 15 хүртэл үйлдэхээр айлдаж байжээ.

 

Тамир голыг бохирдуулсанЦэргийн цайз Тамир хот нь Манжийн түрэмгийлэн эзлэгчид Халх Монголд өөрийн эрх мэдлээ бэхжүүлэх, улмаар Ойрдын болон Оросын хаант улсаас хамгаалах зорилгоор 1632 онд урд Тамир голд анх цэрэг байрлуулах суурийг тавьсан түүхтэй. Энэ тухай Монгол Улсын удаа дараагийн түүхийн ботиудад бичээстэй байдаг байна.

 

Археологич, түүхч нэрт эрдэмтэн Д.Пэрэнлэй, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Шинжлэх Ухааны анхны Ерөнхийлөгч, Академич, Соёлын Гавьяат зүтгэлтэн,  Базарын Ширэндэв гуайн  нарын  олон эрдэмтний бүтээлүүд байдаг.

Энэ сэдэвтээ “БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн мэдээлэл” сэтгүүлийн 1967 оны 4 дүгээрт нийтлэгдсэн Академич Б.Ширэндэв агсны бүтээлээс эш татаж, өвгөн лам нарын хууч яриаг нотолгоожуулахыг зорилго болгов.

 

Тамир хотын түүх нь Манжийн хааны хэргэм зэрэг, эд мөнгө, эмс охидод нь шунаж, авлигад идэгдсэн улс орны тусгаар тогтнолыг үл огоорон, хувийн жаргал цэнгэл хөөж, эх орноосоо урвасан Эфү Цэрэн тэргүүтэй феодалуудын үнэн явдлыг хойч үед бичиглэн үлдээсэн үнэтэй бүтээл юм.

 

Тамир хотын хэрэм нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 1000 метр хиртэй 100 орчим га талбай бүхий цаг үедээ томоохон хот байжээ. Хотын хэрэм нь хоёр давхар байсны гадна талынх нь нэлээд гүнзгий, өргөн усан шуудуу, дотор талынх нь чулуу шавраар бэхлэн хийсэн өндөр, зузаан хэрэм байсан байна. Тамир хотын дотор хэрэм нь дөрвөн талдаа хаалгатай ба хэрэм дотроо нэлээд их бага барилгууд олонтой байжээ.

 

Тамир хотыг 1632 оноос хойш Манжийн төрийн сайд, Халх Монгол дахь Манжийн Цэргийн туслах жанжин (Жинхэнэ сайд нь Манж хүн байсан), Эфү (Манж сайдын хүргэн) Цэрэн, түүний ахмад хүү Цэнгүүнжав 1741 оноос, Цэнгүүнжавын долдугаар хүү Лхаваандорж 1771 оноос, Баянжаргалын хүү Цэдэнжав 1852 оноос, Наянт ван 1884 оноос 1920–иод он хүртэл үе улиран эзэгнэж, Манжийн төр ба цэргийн хэрэгт онцлон зүтгэжээ. Манжийн цэргийн туслах жанжны тамгыг эфү Цэрэн Ховд.Улиастайд удаа дараалан сууж явжээ.

 

Цэрэн өндөр настай болсон учир 1741 онд нас ахив гэж хүндлэн Манжаас Тамир хотод суулгаж, цалин пүнлүүг ихээр тогтоож, ямба ёсыг эдлүүлж байжээ. Тамир хотод байсан цэрэг нь 1754 оны намар Улиастайн газар нүүдэллэн суух болжээ. Тамир хотод 1753 оны орчим 3000 цэрэг байрлаж байсан бөгөөд цэргийн бус иргэдийг оролцуулбал нэлээд хүн ам бүхий томхон төв байсан гэж Академич Б.Ширэндэв бүтээлдээ бичжээ.

 

Цэргийн Тамир хотын туурь нь Булган сумын төвөөс зүүн зүгт 20 гаруй км, Цэцэрлэг хотын баруун урд зүгт 20 орчим км зайд байдаг.

 

“Тамир гол дээр олон сүм байгуулж, Дүншигийн гучин таван Бурхдыг тахиж, лус савдгийг аргадваас гаднаас ирсэн гамшиг амирлах нигууртай” гэж хоёрдугаар дүрийн Зая айлджээ. Голын усан дээр сүм хэрхэн босгох вэ гэдэг асуудал гарахад Тамир голын усыг хөлдөх үед олон лам нарыг цуглуулж, олон сүм байгуулж, Дүншигийн Бурхдын шүлгийг (З5 бурхны тарни) уншуулж, найр хийвээс сайн хэмээн Зая гэгээнтэн зарлиглажээ. Гэгээний айлтгал ёсоор мөсөн шагай харвах (харвах гэдэг нь намнаж дарах гэсэн утгатай) энэ тоглоом зохиогдсон хэмээн дээдсүүд ярьдаг байсан юм.

 

Бурхан шашин хориглосон үе гучаад оноос шагай харвах журам өөрчлөгдөж, тарни уншихаа байсан гэх сонин хуучийг настай лам нар 1960-аад  онд ярьдаг байжээ.

Анх харваачдын оноог зурхай баригч лам мөсөн дээр чулуугаар сүм хэлбэртэй зурдаг байснаа, үнсэн самбарт зурах болж, дараа нь цаасан дээр зурж өөрчлөгджээ. Харваачдын оноог онооны тоогоор тав, таваар нь давхарлан сүм хэлбэрээр зурж тэмдэглэхээр анх журамлажээ. Оноо тэмдэглэх энэ ёс одоо ч уламжлагдаж байна. Харвагч бүр есөн өрөгт З6 сум буюу захаар харвах ба эхний таван өргийг алд хэмжээтэй өргөнд, дараагийн 16 сумыг үзүүр тохой болгон хасаж багасгасан өргөнд харваж, сэцээ сорих учиртай ажээ.

 

Харваач 36 сумаар харвах боловч түүний сэцийг шалгаруулахад уг онооны чанар чансааг үнэлэх хэмжүүр нь Бурхан багшийн болон Дүншигийн Бурхдын тарнитай холбосон нь сонирхолтой юм.

 

Бурхан Багш түүнийг хүрээлсэн Дүншигийн З5 бурхдыг залж, лус савдгийг аргадаж, өвчин тахал, гай барцдыг дарах зан үйлийг мөсөн шагайн харваагаар бэлгэдсэн гэдэг. Тэгэхдээ  харвааны З6 сумны тоо нь Бурхан багш болон Дүншигийн бурхдын тоотой тэнцүү байдагт гол утга нь байдагт орших ажээ. Бурхан багш нэг, Дүншигийн З5 бурхан тус бүр нэг тарнийг унших байдлаар сумаа шившиж тавих ёстой ажээ.

 

Харваач лам нар эхлээд бүгдээрээ Бурхан Багшийн тарни, Дүншигийн бурхдын шад шүлэг тарнийг тогтоосон ая дангаар аялан уянгалуулан хэлээд сумаа харвадаг ёстой. Анх Бурхдын тарнийг мэдэж цээжилсэн лам нар шүлэг тарнийг шадаар нь аялгуулан бүрэн хэлж харвадаг байжээ.

 

Тэгш гадаргуутай, доороо урсгал устай, мөсөн дээр нэг алд хэмжээтэй газарт буга аргалын эвэр буюу бод малын шагайгаар өрөг засна. Өргийн гол дунд нь хушга (буга аргал зэргийн төмсөгний арьсыг битүү өвчиж, өвс хийж хөндийлж хатаасан бөмбөлөг)-ыг суулгаж, хоёр хажууд нь гурван хуруу хэмжээтэй чихний хоёр шагайг байрлуулна. Алд  өргийн хоёр үзүүрт нь хязгаарын шагайг суурьлуулах ба түүний доторх зайд нь хушганаас төө, үзүүр тохойн хэмжээтэй шагайг хоёр тийш нь ижил хэмжээтэй өрж байрлуулдаг.

 

Голын хушгыг оносон харваач Бурхан Багшийн зүрхэн тарнийг уянгалуулан уншиж, гурван оноо зуруулна. Хушга ба чихний шагайны дундуур алинд нь шүргээгүй гарсан сумыг “зулбаа” гэж цээрлэн оноо өгдөггүй, өргийн доторх бусад шагайг оносон болон түүний хоорондын зайгаар гарсан суманд  нэг оноо өгч шүүлцдэг журамтай.

 

Хаврын дунд сарын сүүлчийн харвааг “Найрын харваа” болгон хийж, харваач бүрийг оноогоор байр эзлүүлнэ. Харваанд хамгийн олон онож шалгарсан харваачийг Да ламын суудалд суулгаж, дараа нь онооны тоогоор нь ловон, гэсгүй, унзад, нярав, манжчин, аягачин, сөнөчин  гэх мэтээр хийдийн хэргэм зэргийн зиндаагаар суулгаж, зуны дунд сард сайн өдрийг сонгож, найрын харвааг  ёслон тэмдэглэдэг байжээ.

 

Мөсөн шагайны чухал хэрэгслийн нэг бол сум буюу зах юм. Түүнийг бугын эвэр, үхрийн шир, төмөр, гуулиар хийнэ. Зах сумыг дархалдаг дархчууд энэ нутагт олон байжээ.


Өндөр Дэмбээ, Баян-Улаан сумын цутгуур Нацаг, сүрсэн Цамба, дархан Зундуй, хангай Самбуу, Ч.Хулаа, Эрдэнэмандалын дархан Самбуу, Өндөрсантын Сосорбарам нарын зах сайн хийдэг дархчууд олон байв. Захыг аргал буюу бугын эвэр, үхрийн хатаасан шир зэргийг ухаж, хар төмрөөр таг хийж урлахаас гадна гуулийг хайлж, шавар хэвэнд цутгаж хийдэг байв. Захны дотор нь хар тугалгыг хайлж, тодорхой лан цэнгээр хүнд хөнгөнийг тохируулж дархалдаг байв. Захны таганд нь 1-ээс 4 хүртэл дугуй дүрс гаргаж хийдэг бөгөөд энэ нь  шугшиж тал болж, тоглогчоо сонгоход ашигладаг.

 

Мөсөн шагайн харваа Архангайгаас гарвалтай гэдэг түүхийн учир ийм цадигтай билээ.

Аливаа юм цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэн хөгжих буюу гээгддэг тавилантай. Мөсөн шагайн харваа  энэ  л жамыг дагаж, бурхны тарнийг уншдаг, найрын харваа хийж, сүм хийдийн зэрэг зиндаагаар суулгаж, хүндэтгэл үзүүлдэг шашинлаг агуулгаа гээж иргэнлэг чиглэлээр хөгжин дэвжиж байна.

 

Мөсөн шагайн харваа нь хүнийг өлчиржүүлэх, цэвэр агаараар амьсгалуулах, харааг сайжруулах, биеэ цэгцтэй байдалд сургах зэрэг эрүүлжүүлэх олон талын ач холбогдолтой юм.

 

Гол ус бохирдож, байгаль, хүн амьтанд хөнөөл учруулж, ханиад томуу дэлгэрч буй  энэ үед ч ач холбогдлоо алдаагүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монголчууд өв соёлоо сэргээж, түүх соёлоо сурталчлахад ч гэсэн хэрэгтэй хэмээн депудат, агсан Т.Ядамсүрэн гуай тэмдэглэн үлдээжээ.  

Холбоотой мэдээ